Өөрийн үнэлэмж, өөртөө итгэх итгэл 2-ын ялгаа
Өөрийн үнэлэмж, өөртөө итгэх итгэл 2-ын ялгаа
Өнөөдрийн бичлэг дээр өөрийн үнэлэмж, өөртөө итгэх итгэл 2-ын ялгаа -г орууллаа.
Өөрийн үнэлэмж, өөртөө итгэх итгэл 2 -ыг хооронд нь хольж хутгадаг зүйл их анзаарагдсан. Энэ хоёр бол 2 өөр зүйл. Хэрвээ танд өөрийн үнэлэмж, өөртөө итгэх итгэл хоёулаа байгаа бол мaш сайн хэрэг. Энэ 2-ын аль нэг нь танд байгаа бол санаа зоволтгүй, яагаад гэвэл аль нэг нь байгаа тохиолдолд нөгөөдөхийг нь хөгжүүлэхэд амархан байдаг. Хэрвээ аль аль нь байхгүй бол санаагаа бас зовоосны хэрэггүй, яагаад гэвэл өнөөдрийн энэ бичлэгийг үзсэнээр өнөөдрөөс эхэлж өөрийн үнэлэмж, өөртөө итгэх итгэл дээр ажиллаж эхлэх сайхан боломж гарч байна гэж бодох хэрэгтэй.
Танд аль нь байна вэ?
За тэгэхээр өөрийн үнэлэмж, өөртөө итгэх итгэлийг тус тусд нь авч үзье.
Өөртөө итгэх итгэл
- Өөртөө итгэх итгэл гэж айдастайгаа нүүр тулахыг хэлнэ.
Хүн бүрт 2 янзын айдас байдаг.
- а) аминд халтай айдсууд жишээлбэл харанхуй шөнөөр ганцаар явах, араатан амьтнаас айх, жаахан хүүхэд шовх юм барьж яваад унаад өөрийгөө гэмтээчих вий гэдэг айдас гэх мэт. Энэ айдастай тулгарах үед болгоомжтой байж, өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Зугтах шаардлагатай бол зунтах, тойроод гарах хэрэгтэй бол тойроод гарах хэрэгтэй.
- б) өмнө нь хийж үзээгүй эсвэл дасал болоогүй юмаа хийх гэхээр гарч ирдэг айдас. Жишээлбэл олны өмнө гарч ярих айдас, хүнээс юм асуух айдас, бүтэлгүйтэх айдас, мэдлэг чадвар дутах айдас гэх мэт.
Тэгэхээр энэ 2 дахь айдстай нүүр тулж түүнийгээ даван туулахыг өөртөө итгэх итгэл гэнэ. Бид нэг юм хийх гэхээр гарах үр дүнгийг нь ихэвчлэн сөргөөр бодож олон яанаанууд үүсгэдэг. Үүнд чадахгүй байвал яана аа, бүтэхгүй байвал яана аа, бусдад таалагдахгүй байвал яана аа, алдвал яана аа гэх мэт. Та бодоод үзээрэй, танд ямар яанаанууд байна вэ? Хэрвээ энэ яанаанууддаа автаад байвал хэзээ ч айдсаа устгаж чадахгүй. Айдсаа устгаж чадахгүй бол нэг газраа гацаад, цааш нь өөриийгөө хөгжүүлэх боломжгүй.
Тиймээс өөртөө итгэх итгэлийг олж авахын тулд заавал айдастайгаа нүүр тулах шаардлагатай. Хийж үзээгүйгээ хийх хэрэгтэй. Дахин дахин хийж дасал болтлоо хийх хэрэгтэй.
Яанаануудаа давахын тулд төгс юм гэж байхгүй гэдгийг өөртөө сануулж, хийж байгаа үйлдэл бүхэн туршлага болдог ба туршлага сууснаар өсч хөгжинө гэдгийг мэдэх нь зүйтэй.
- Өөртөө итгэх итгэл гэж хүсч байгаа юмныхаа араас олон яанаанууд бодохгүйгээр явахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл өөртөө сэтгэл хангалуун байж, потенциалаа бүрэн ашиглахыг хэлнэ.
Амьдрана гэдэг нь зовох гэсэн утгатай биш шүү дээ. Амьдрана гэдэг нь сэтгэл хангалуун байхыг хэлдэг.
Хэрвээ өөртөө сэтгэл хангалуун байвал өөрийнхөө бүрэн потенциалыг ашиглах боломжтой. Бүрэн потенциалаа ашигласнаар өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлнэ.
Өөрийн үнэлэмж
- Өөрийн үнэлэмж гэдэг нь өөрийгөө хэр их үнэлж байгааг хэлнэ.
Өөрийгөө үнэлнэ гэдэг нь өөрөөрөө бахархах, өөрийнхөө эерэг зан чанаруудыг мэдэх, өөрт байгаа чадваруудаа мэдэх, өөрийгөө дэмжих, өөртөө урам зориг өгөх, өөрийнхөө гаргасан амжилтуудыг үнэлж, өөрийнхөө хэн бэ, ямар хүн бэ гэдгийг мэдэхийг хэлнэ. Товчхон хэлбэл өөрийнхөө сайн найз байхыг хэлнэ.
Өөртөө итгэх итгэлгүй хүн түүнтэйгээ эвлэрээд амьдраад байж болдог. Олон хүн энэ байдалтайгаа эвлэрдэг. Харин өөрийн үнэлэмжгүй амьдрах хэцүү. Өөрийн үнэлэмж маш муу байхад амиа хорлох хүртэл аюултай.
- Та өөрийнхөө тухай юу гэж боддогоос шалтгаалж таны дүр төрх, амьдрал хамаарна. Өөрийнхөө сайн чанаруудыг анзаарч, өөрийгөө дэмжээд ирэхээр таны сэтгэл санаа дээшилж, өөрийгөө харах нүд өдөр өдрөөр өөрчлөгдөж эхлэхийг та өөрөө анзаарах болно.
Гэрийн даалгавар
Өнөөдөр өөртөө цаг гаргаж байгаад та өөрийгөө ямар нүдээр харж байна вэ гэдгийг бичээрэй. Тэгээд бичсэнээсээ сайн зан чанаруудаа, өөрт байгаа чадваруудаа түүж аваад тусд нь бичээд түүнийгээ өөртөө өдөр болгон сануулаарай. Ингэснээр өөрийгөө харах нүд тэнь өөрчлөгдөх болно.
За ингээд бүгдийг базахад:
Өөрийн үнэлэмж, өөртөө итгэх итгэл 2-ын ялгаа юу вэ гэвэл:
- Өөртөө итгэх итгэл гэдэг нь айдастайгаа нүүр тулж, түүнийгээ давахыг хэлнэ.
- Өөртөө итгэх итгэл гэдэг нь өөртөө сэтгэл хангалуун байж, потенциалаа бүрэн ашиглахыг хэлнэ.
- Өөрийн үнэлэмж гэж өөртөө өгч байгаа үнэ цэнийг хэлнэ.
- Өөрийн үнэлэмж гэдэг нь өөрийнхөө тухай юу гэж бодож байгааг хэлнэ.
Танд энэ 2-ын аль нь байна вэ? Альныг нь илүү хөгжүүлэх хэрэгтэй байна вэ? Доор сэтгэгдлээ үлдээгээрэй. Мөн хэрэг болох хүмүүст цааш нь дамжуулж тус хүргээрэй. ???
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР
Хэрвээ та миний дараагийн бичлэгийг И-мэйлээр хүлээн авахыг хүсвэл доор нэр, И-мэйл хаягаа хийж бүртгүүлээрэй.
[wysija_form id=”1″]