Яагаад гүйхэд жин нэмэгддэг вэ?
Яагаад гүйхэд жин нэмэгддэг вэ? гэдэгт өнөөдөр хариу өгөхийг хүслээ.
Хамгийн их жин хасдаг дасгал бол гүйлт юм. Гэтэл зарим хүмүүс гүйгээд байгаа мөртлөө жин хасахгүй харин ч бүүр нэмэгдээд байна гэдэг.
Жин нэмэгдэж буй хэд хэдэн шалтгаан бий. Хамгийн түгээмэл шалтгааны тухай энд оруулж байна.
Гүйж дууссаны дараа их өлсдөг. Юм идчихээд байхад өлсөөд байдаг. Яагаад гэвэл гүйж дууссаны дараа ч гэсэн хуримталсан илчлэг үргэлжлэн шатсаар байдаг учраас л тэр. Үүнээсээ болоод их иддэг. Тэгээд тэртээ тэргүй гүйж байгаа юм чинь идэхэд зүгээр гэж бодоод энгийн үед иддэгээсээ илүү их иддэг байна. Би ч бас анх гүйж эхэлж байхад гоё амттан, чихэр печень идэхийн тулд гүйж байна гэж өөртөө хэлээд дураараа иддэг байсан л даа. Өөрөөр хэлбэл шатаасан илчлэгээс илүү их илчлэг буцаагаад иддэг гэсэн үг. Харин хожим үр дүн гарахгүй байгааг мэдээд энэ бүгдийгээ зогсоосон юм.
Тиймээс өнөөдрийн миний өгөх зөвлөгөө юу вэ гэвэл
гүйхээсээ өмнө идэх хоолоо бэлдэх хэрэгтэй. Гүйгээд орж ирэхэд хоол аль хэдийн идэхэд бэлэн байхаар урьдчилан бэлдэнэ гэсэн үг.
Үгүй бол таргалуулах хоол идэх магадлал өндөр байдаг.
Хэрвээ бэлэн биш бол орж ирээд эрүүл мэндэд тустай хоол хийж иднэ гэдэг худлаа асуудал болдог. Маш их өлссөн байдаг учраас аль болох бэлэн юм идэхийг хүсдэг. Түүнээс болоод бэлэн байгаа талх болон гурилан юм идчихдэг ч юм уу эсвэл дэлгүүрээс бэлэн юм авч идээд хоолны дэглэмээ алддаг.
Харин хоолоо урьдчилан бэлдээд гүйвэл хоолны дэглэмээ алдахгүй байх сайн талтай.
Би хоолоо хэрхэн бэлддэг вэ гэвэл: Хэрвээ өглөө эрт гүйж байгаа бол ногоон шүүсээ хийчихээд гүйдэг. Харин өдөр, орой гүйвэл жаахан бор будаа жигнээд, ганц 2 ногоо, дээр нь тахиа, загас, мах аль нэгийг нь жигнээд бэлдчихдэг.
Тиймээс өнөөдрөөс эхлээд гүйхээсээ өмнө идэх хоолоо бэлдээд гүйхийг хичээгээрэй!
ХҮС. ХИЙ. ХҮР.