Дагагч биш сурагч бай
Бид бүгд тус тусдаа хувь хүн. Тэр ч үүднээсээ бидний бодох, ярих, үйлдэх бүгд өөр өөр байдаг. Бид бүгдийг өөрийнхөө арга барилаар, ӨӨРИЙНХӨӨРӨӨ хийдэг.
“Би анх сэлж сурах гээд хичээл авч байх үед багш нар их солигдож байсан. Бараг хичээл болгон дээр өөр багш орж, өөр өөр сэлэх аргыг зааж өгч байсан. Надад энэ нь их хэцүү байсан. Яагаад гэвэл нэг багшийн заасан аргыг овоо сурах гэж байтал өөр нэг багш орж ирээд өөр арга зааж өгөхөд яахаа мэдэхгүй будилж байсан. Тэгээд миний олон янзаар сэлж сурах бүүр худлаа болж харин олон янзаар живж сурч байсан. Үүнийгээ багш их солигдсонтой холбоотой гэж бодож их дургүйцэж байсан.
Харин аз болж ээжийн минь хэлж байсан үг миний санаад орж ирсэн юм. Юу вэ гэвэл
“Ука, миний охин үүнийг боломж гэж хараарай. Олон янзын багш орно гэдэг сайн хэрэг учир нь нэг юмыг олон талаас нь харах боломжтой байдаг юм шүү!” гэж хэлсэн юм. Яагаад энэ үгийг тэр үед надад хэлэх болсон бэ гэвэл би тэр үед 18-р сургуульд явж байсан юм. Тэгээд намайг 7-р ангид байхад бүх орос багш нар нутаг буцсан тул бид багшгүй болж бараг өдөр болгон багш нар солигдож байсан болохоор би ээждээ олон янзын багш ороод хичээлээ бүүр ойлгохоо байлаа гэж хэлэхэд, ээж минь надад энэ үгийг хэлж байсан юм.
Ээжийнхээ энэ үгийг санаснаар гомдоллохоо больж, оронд нь багш нарынхаа заасан арга барилуудаас шамдан сурч, өөрт тохирохыг нь аваад, тохирохгүй байгаагий нь орхисоор дундаас нь сэлэх өөрийн аргатай болсон.”
Би яагаад энэ бүхнийг ярих болсон бэ гэвэл амжилт ч гэсэн үүнтэй яг ижилхэн. Амжилтанд хүрэх арга янз янз байдаг. Амжилтанд хүрсэн хүмүүс бүгд л өөрийнхөө аргыг зааж, хэлж, сургадаг. Хамгийн гол нь энэ бүгдийг дагахдаа биш эдгээр аргуудаас суралцаж, өөрт тохирсон арга барилыг сонгож, өөрийнхөөрөө амжилтанд хүрэх нь зөв.
“Дагагч биш сурагч бай! “- Жим Рон
Тодоуулбал жин хасах хүсэлтэй тэгээд түүнийхээ дагуу нэг ном уншлаа гэж бодоход түүн дээр “хоолоо хас” гэж бичсэн байхад нөгөө нэг номон дээр “ойр ойрхон ид” гэж хэлсэн байлаа гэж бодьё. Энэ 2-ыг уншчихаад тэгээд одоо яах ёстой юм бэ? Их идэх юм уу? Бага идэх юм уу? Альныг нь дагах болж байна вэ? гэж толгойгоо гашилгахын оронд эхлээд хэсэг хугацаанд бага идээд үз. Таны бие махбод яаж хүлээж авч байна. Дараа нь ойр ойрхон идээд үз, таны биенд ямар өөрчлөлт гарч байна, яаж хүлээж авч байна. Тэгээд магадгүй энэ бүгдээс үүдээд, дундаас нь “Аан ойр ойрхон, бага багаар идэх нь дээр юм байна гэдэг дүгнэлтэнд хүрч болох юм.
Тиймээс өнөөдрөөс эхлээд дагагч биш сурагч байгаарай гэдгийг сануулахыг хүслээ.
Дагагч биш сурагч бай!
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©УКА ТӨМӨР