МИНИЙ БУЦАЛЖ БУЙ АМЬДРАЛ: Амьдрал бол бэлэг
Өөдрөг үзэлтэй, өөрийгөө ялж чадсан хүнд амьдрал бол бэлэг. Харин өөрийгөө голж, гуньж гутардаг хүнд амьдрал зовлон мэт санагддаг гэдэг үнэн юм байна.
Та бол үүнийг батлан харуулж чадсан гайхамшигтай бүсгүй. Би таны тухай сонсоод, таны ярьсан яриа болгоныг сонсож, бичсэн бүх зүйлийг тэнь уншсаан. Өөрийгөө өөрчилж, амьдралыг өөрөөр харж яваа надад маш их урам өглөө та. Тийм болохоор танд МАШ ИХ БАЯРЛАЛАА гэж хэлмээр байна.
Өнөөдөр “Интер ном” дэлгүүр орж, таны “АМЖИЛТЫН ТАРНИ” номыг авлаа. Авангуутаа л гудамжинд суугаад уншиж эхэлсэн. Одоо бараг талдаа ороод явж байна. Гэхдээ гүйлгэж биш дотор нь орж удаан уншиж байна. Ийм сонирхолтой номыг гүйлгэж уншвал утгагүй санагдаад.
Би архи гэдгийг хэрэглэхээ больж, оронд нь Англи хэл судлаад, биеийн тамираар хичээллэж, долоо хоног бүр тогтмол гүйж, биеийн жингээ хүссэн хэмжээндээ барьж сураад 4 жил болж байна. Энэ 4 жилийн хугацаанд би дотор хүнээ олж, өөртөө итгэлтэй болж, амьдралыг бэлэг болгон хүлээж авдаг болсон.
Таны хэлсэн, бичсэн болгоныг үнэн гэдгийг би өөрийнхөө энэ өнгөрсөн 4 жилийн хугацаанд дахь амьдралаараа батлан харуулж чадна аа. Би өөрийгөө олж чадсанаараа ӨНӨӨДӨР би сайн хань, сайн аав, ээжийнхээ ухаантай хүү, хамт олныхоо итгэлт найз, ах дүү нарынхаа бахархан дууриах хүн болчихоод байна.
Өөрийгөө ялж чадсан хүний эргэн тойронд байгаа хүмүүст аз жаргал ирдэг гэж таны хэлсэн юутай үнэн үг вэ.
Амьдрал минь өнөөдөр адал явдлаар дүүрэн байдаг болсон. Адал явдлаар дүүрэн байх тусмаа амьдрал үнэхээр сонирхолтой болж, өөрт байгаа сайхан зүйлсээ л олж хардаг болдог юм байна.
Би өөрийн найз нөхөд, таньдаг хүн болгоны төрсөн өдөр, тэмдэглэлт өдрөөр нь таны “Амжилтын тарни” номыг бэлэглэхээр шийдээд байгаа.
Танд энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. I wish you all the best in your life.
Амьдралын сайн сайхны төлөө зөвхөн урагшаа!
______________________________________________________________________________________________
МИНИЙ БУЦАЛЖ БУЙ АМЬДРАЛ (МББА)
Хэрвээ та ганцаараа юм шиг санагдаад байвал түүнийгээ имэйлдчих, та ганцаараа биш!
Хэрвээ та саад бэрхшээлээсээ ангижирахыг хүсвэл түүнийгээ имэйлдчих, сэтгэл тань онгойно!
Хэрвээ та амжилтаа тэмдэглэмээр байвал түүнийгээ имэйлдчих, хамтдаа тэмдэглэцгээе!
Хэрвээ та бусдад сургамж болоосой гэж бодож байвал түүнийгээ имэйлдчих, хамтдаа суралцья!
Буцалж буй амьдралаа бусадтай хуваалцахыг хүсвэл и-мэйлийг MiniiAmidral@ukatumur.com руу илгээгээрэй.
Энэхүү Миний Буцалж Буй Амьдрал булан хэн нэгний хувийн инфо-г бусдад түгээхгүй. Зөвхөн зохиогчийн хүсэлтээр нийтэлж байгаа ♥ !