“АМЖИЛТЫН ТАРНИЙГ” ЦААСНАА БУУЛГАСНЫ УЧИР
Ээжийн дотно үнэр, зөөлөн тэврэлт, цагаан сүүнийх нь амт, намуухан дууг нь хамгаас сайн таньдаг болно. Өндөрт өргөж хамгийн их баясгадаг хүчтэй аавынх нь сайхан царай, баргил хоолой, ах, эгч нарын цовоо цолгиун инээд, өвөр дээрээ тонгочуулдаг өвөө, эмээ, дуртай тоглоом, дулаахан гэр орноо таньж эхэлдэг. Өр нэхэхгүй их хайранд бөмбөрсөөр хорвоо ертөнцтэй бага багаар танилцах аянд гарна..
Өөртэйгээ адилхан бяцхан жаалтай танилцана. Тоглоомоо булаацалдах анхны ширүүн дайн болж, анхны “дайсан”-тайгаа танилцана. Найз хэрхэн дайсан болж болохыг тэрүүхэндээ мэдэж авна.
Өсч томболохын хэрээр таньж мэддэг зүйл нь нэмэгдэж, үзэж, туулж, уншсаныхаа хэмжээгээр хорвоотой танилцана. Өдөр тутам болж өнгөрч буй үй олон үйл явдал, толгой тархи руу зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй цутган орж ирж буй болсон болоогүй мэдээ, мэдээлэл, уулзан учирч буй олон хүмүүсийн давалгаанд өнөөгийн бид төөрөх дөхөж байна.
Хамгийн эмгэнэлтэй юм нь юу вэ гэвэл, орчин тойрноо, бас бусад хүмүүсийг таньж мэдээд байгаа атлаа өөрийгөө танихгүй явдаг хүмүүс олон болсон явдал юм.
Таны дотор хэн гээч хүн сууж байна вэ? Тэр хүн юу бодож, юуг хүсдэг юм бол? Тэр хүн танаас юугаараа өөр юм бэ? Таны хийж бүтээж чадахгүй, хүчрэхгүй байгаа зүйлийг та ердөө л тэр дотор хүнтэйгээ зөвлөөд, нийлээд хамтдаа хийчихвэл бүтэхгүй, чадахгүй юмгүй болчих юм биш үү? Амжилт гэдэг чинь алс хол биш ердөө л алган дотор чинь тэсч ядаад, “мандан бадрах” цагаа хүлээгээд байж байдаг юм биш үү?
Нэгэн цагт, нэг ангид, нэг багшаар ном эрдэм заалгаж явсан, одоо Америк оронд аж төрөн, Амжилтын тарни шившин яваа Ука минь анхлан санал тавьснаар бид хоёр өөрийгөө танихгүй, алганд нь аз, амжилт нуугдаад байгаагаа анзаарахгүй яваа хүмүүст зориулан “Амжилтын тарни”-ийг цааснаа буулгаж, уншигч танд ойртуулж өгч байгаа маань энэ билээ.
Танд амжилт хүсье!
Танд амжилт хүссэн Тогтохын Очхүү
Канад улс, Ванкувер хот 2014 оны 1-р сарын 7