Алдаанаасаа сурсан 7 -гүй
Алдаанаасаа сурсан 7 -гүй
Би энэ ХҮС. ХИЙ. ХҮР. блогоо хөтлөөд, видео бичлэгээ хийж эхэлснээс хойш нэлээн хугацаа өнгөрчээ. 11 оноос хойш хийж эхэлсэн гэж бодоход одоо бараг 5 жил өнгөрөөд байгаа юм байна. Цаг хугацаа мөн хурдан өнгөрч байна шүү. Саяхан л юу хийхээ мэдэхгүй, яаж хийхээ мэдэхгүй байсныг санаж байна. Мэдээж энэ хугацаанд би зөндөө юмыг буруу хийсэн. Зөндөө алдаа гаргасан ч, зөндөө туршлага суусан. Тиймээс өнөөдөр би алдаанаасаа сурсан 7 -гүй оруулж байна. Үүнд юу орох вэ гэвэл хийх-гүй, мартах-гүй гэх мэт “-гүй”-нүүдийг орууллаа.
1. Хэзээ ч бусдад таалагдахын тулд ямар нэгэн юмыг хийх-гүй. Би урьд нь аливаа юмыг өөрийнхөөрөө хийчихвэл бусдад таалагдахгүй байвал яана аа гэж айдаг байсан учраас бусдад таалагдахын тулд их хичээдэг байсан. Хийчнээн хичээсэн ч бүх хүнд таалагдана гэж хэзээ ч байхгүй юм байна гэдгийг маш сайн ойлгосон. Тиймээс юм хийхдээ бусдад таалагдахын тулд хийхээ больсон. Ямар нэгэн юм хийхээсээ өмнө өөрөөсөө “би үнэхээр өөрөө хийе гэж хийж байна уу эсвэл би бусдад таалагдахын тулд хийж байна уу” гэдгийг өөрөөсөө асуух болсон. Үнэхээр өөрөө хийе гэж байвал хийдэг. Үгүй бол үгүй.
2. Бусдыг өөрчлөх гэж зүтгэх-гүй. Хүмүүс надруу “Ука би өөрчлөгдмөөр байна. Туслаач” гэж их ханддаг. Би чадах чинээгээрээ туслахыг хичээдэг байсан. Бүр ойлгуулах гээд зүтгэдэг байсан. Хэрвээ өөрчилж чадахгүй байвал түүндээ шаналж өөрийгөө зовоодог байсан. Гэтэл хүн өөрөө чин сэтгэлээсээ өөрчлөгдөхийг хүсээгүй тохиолдолд хүн хэзээ ч хэнийг ч өөрчилж чадахгүй гэдгийг маш сайн ойлгосон. Тиймээс үүнд өөрийгөө зовоохоо больсон.
3. Ойлгоогүйгээ асуухгүй өнгөрөөх-гүй. Асуухгүй өнгөрөөснөөр буруу ойлголттой хоцордог. Тиймээс сайн лавлаж, ойлгоогүйгээ асуух хэрэгтэй гэдгийг ойлгосон.
4. Өөрийгөө багаар үнэлэх-гүй. Хүн амьдралдаа олон хүмүүстэй уулзана, олон газраар явна. Тэгээд энэ хугацаанд өөрт мэдэхгүй чадахгүй үзээгүй зүйоүүд их гардаг. Үүнээс болоод өөрийгөө багаар үнэлдэг тал их ажиглагдсан. Тиймээс өөртөө “Надад ч гэсэн өөрийн хийж чадах зүйл бий. Надад ч гэсэн хүч чадал, потенциал бий. Надад ч гэсэн өөрийн гэсэн том мөрөөдөл, том зорилго бий” гэдгийг мөн өөрийгөө гадна дотногүй хөгжүүлж байгаа тохиолдолд би өдрөөс өдөрт бүх талаараа сайжирч байгаа гэдгийг өөртөө цаг үргэлж сануулж байх хэрэгтэй.
5. Өөрийгөө хөгжүүлж, сайжруулахаа мартах-гүй. Тэр тусмаа өөрийгөө дотроос нь өөрчилж хөгжүүлэхээ мартахгүй. Учир нь бидний оюун ухаан, зүрх сэтгэл ямар байна, юугаар тэжээгдэж байгаагаас хамаарч бидний гадаад ертөнц, дүр төрх шалтгаална. Гадаад ертөнц дотоод ертөнцаас их хамаарах тул өөрийгөө дотроос нь сайн хөгжүүлэх хэрэгтэй.
6. Зорилгоо мартах-гүй. Өдөр болгон өөртөө юуны төлөө, яагаад амьдраад байна вэ? Юуны төлөө яагаад энэ хийж байгаагаа хийж байна вэ? гэдгийг сануулах. Сануулахдаа зүгээр л нэг сануулаад өнгөрөх биш өөрийгөө болон өөрийнхөө амьдралыг шувууны нүдээр харж байх хэрэгтэй. Энэ юу гэсэн үг вэ гэвэл өөрийгөө энүүхэн энд нь, энэ жижигхэн хүрээнд харах биш өөрийгөө өндрөөс, дээрээс, том өргөн цар хүрээтэйгээр харахыг хэлж байгаа юм . Ингэж харж чадсанаар юманд арай л өөрөөр ханддаг болдог.
7. Өдрөө аргацааж, өөрийгөө хуурсан юм хийх-гүй. Ямар нэгэн юм хийхдээ алсыг харж, өөрийнхөө хамгийнхаа сайнаар хийж, өөрт байгаа цагаа, боломжоо бүрэн гүйцэд ашиглах хэрэгтэй юм байна. Тэгж чадвал боломжгүй гэж бодож байсныгаа боломжтой болгох боломж бидэнд гарч ирнэ. гэдгийг маш сайн ойлгосон.
Хүн бүр амьдралдаа алда гаргадаг. Харин алдаанаасаа суралцаж байна уу эсвэл алдаагаа давтсаар байна уу гэдгээс шалтгаалж амжилттай амжилтгүй 2 хүний ялгаа харагддаг. Алдаанаасаа суралцаж чадахгүй бол алдаа үнэхээр алдаа болдог. Суралцвал сургамж болдог.
Тиймээс өнөөдрийн миний танаас асуух асуулт юу вэ гэвэл та алдаанаасаа юу сурсан бэ? Таны дахиж хийхгүй, дахиж мартахгүй, хэрэгжүүлэхгүй “-гүй” -нүүд юу вэ? Энэ тухай доор комментоо бичиж үлдээгээрэй.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©УКА ТӨМӨР