Жирэмсэн үедээ дасгал хийж (гүйж) болох уу?
Би саяхан жирэмсэн гүйж байгаа зургаа оруулсан. Энэ зурагны дагуу би их олон сэтгэгдэл, асуулт хүлээж авсан. Та бүгд ч зарим нэгийг нь уншсан байх гэж бодож байна.
Тиймээс өнөөдөр би жирэмсэн байх үедээ дасгал хийж болох уу, тэр тусмаа гүйж болох уу гэдэг тухай ярихыг хүслээ.
Жирэмсэн байхдаа хөдөлгөөнөө багасгах хэрэгтэй. хамаагүй хөдөлж, гүйж болохгүй. Xамаагүй хөдөлснөөр эх үр хоёрт хоёуланд нь муугаар нөлөөлнө гэж ярьдаг. Тийм ч учраас их олон хүн жирэмсэн үедээ хөдөлгөөнөө хасах хэрэгтэй гэж боддог. Би ч бас тийм ойлголттой байсан.
Харин өнөөдрийн эмч нар юу гэж зөвлөж байна вэ гэвэл “Жирэмсэн болохоосоо өмнө биеийн тамираар тогтмол хичээллэж байсан бол жирэмсэн болсон ч гэсэн түүнийгээ үргэлжлүүл” гэж зөвлөдөг болсон. Өмнө нь тогтмол хичээллэж байсан бол шүү дээ.
Бас саяхны нэгэн судалгаагаар “Дасгал хийхэд хүний биед ямар ашиг тустай байдаг жирэмсэн үед дасгал хийхэд яг л тэр хэмжээний ашиг тусаа өгдөг” гэж гарчээ.
Харин юу анхаарах хэрэгтэй вэ гэвэл
1. Өмнө нь тогтмол дасгал хийдэггүй байж байгаад жирэмсэн болсон хоноо гэв гэнэт дасгал хийж болохгүй
2. Өмнө нь тогтмол дасгал хийдэг байсан ч жирэмсэн болсон хойноо өмнө нь хийж байгаагүй өөр шинэ дасгал хийж болохгүй
Хүн бүрийн бие махбодийн зохицолдлогоо өөр өөр байдаг. Зарим хүнд урьд нь хийж байсан дасгалаа жирэмсэн болсон хойноо үргэлжлүүлэхэд зүгээр байхад, зарим нэг хүнд хэцүү байж болно.
Жишээлбэл миний хувьд гэвэл би урьд нь тогтмол гүйдэг байсан болохоор гүйлтээ үргэлжлүүлсэн. Гэхдээ яг өмнөх шигээ үргэлжлүүлж чадаагүй. Тиймээс би 1. Хурдаа хассан 2. Зайгаа багасгасан. Өөрийнхөө биеийг сайн чагнаж, өөрийгөө сорьж шахахаа зогсоосон. Дасгал хийх явцад амрах хэрэгтэй бол амарч, удаашруулах хэрэгтэй бол удаашруулж байсан. Тэр тусмаа 4-5 сартай болсныхоо дараагаар үүнийгээ илүү их анхаарч, дасгал хийснийхээ дараа уух усны хэмжээгээ ихэсгэж, амрах цагаа бас нэмсэн.
Дасгал хийснээр би юу анзаарсан бэ гэвэл миний дотор муухай оргих нь багасаж, хөлний шөрмөс татах нь багасаж, толгой өвдөхгүй, нойрондоо сайн, өдрийн турш эрч хүчтэй байж чадаж байгаа.
Швейцарийн Женевагийн Их Сургуулийн дэргэдэх Хөдөлгөөний Уинжлэх ухаан, Спорт, Биеийн Тамир, Эрүүл Мэндийн Институтээс гаргасан судалгаагаар “Жирэмсэн үедээ тогтмол дасгал хийснээр эх үр хоёрт хоёуланд нь сайн болохыг баталсан.
Үүнд: Эхэд өгөх ач холбогдол нь зүрх судасны үйл ажиллагааг сайжруулах, жирэмсний үеийн таргалалтаас сэргийлэх, үе мөч, булчингийн өвдөлтийг багасгах, шөрмөс татахыг багасгах, хаван хөөлтийг багасгах, сэтгэл санааг сайхан байлгах, чихрийн шижин өвчнөөс сэргийлэх, жирэмсэн үед үүсдэг цусны даралтыг ихэсгэхээс сэргийлэх ач холбогдолтой. Харин хүүхдэд ямар сайн нөлөөтэй вэ гэвэл хүүхдийг гэдсэн дотроо томрохоос сэргийлдэг, стрэсс хүлээж авах чадвартай болох, хүүхдийн тархины үйл ажиллагаанд сайн гэж гарчээ.
Хэрвээ жирэмслэлтэй холбоотой ямар нэгэн зовиур байгаа бол эсвэл ямар нэгэн дасгал хийж байгаагүй бол дасгал хийхээсээ өмнө эмчтэйгээ зөвшилцөх хэрэгтэй.
Нэмж хэлэхэд америкийн эх баригч, эмэгтэйчүүдийн эмчийн колледжоос гаргасан жирэмсэн эхчүүдэд зориулсан удирдамжинд эрүүл жирэмслэлтийн үед өдөрт 30 минутын дасгал хийх хэрэгтэй гэж бичжээ.
Тэгэхээр жирэмсэн болохоос өмнө, мөн жирэмсэн байх үедээ дасгал хийх хэрэгтэй. Энэ нь эх үр хоёрт хоёуланд нь сайн. Хамгийн гол нь “Жирэмсэн болсон хойноо биеэ бодож, дасгал хийж, зөв хооллох биш, болохоосоо өмнө биеэ бодож, тогтмол дасгал хийж, зөв хооллох дадлыг эзэмших нь маш чухал.”
Хэрвээ танд энэхүү бичлэг таалагдсан бол лайк дараад цааш нь найз нөхөддөө түгээгээрэй. Мөн миний цахим мэдээлэл, YouTube сувагт бүртгүүлээрэй. Ингэж бүртгүүлснээр та ХҮС. ХИЙ. ХҮР. блогийн дотоод үйл ажиллагааны тухай, долоо хоног бүрийн бичлэг, урмын үгс, амжилтын тарнийг хүлээж авах болно.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр