Чин хүсэл тэмүүллээ (passion) яаж олж авах вэ?
Чин хүсэл тэмүүллээ (passion) яаж олж авах вэ?
Хэрвээ та чин хүсэл тэмүүллээ олж чадаагүй байгаа бол санаа зовсны хэрэггүй.
Амжилтанд хүрэх нь бидний хүн болж төрсөн заяагаар олдсон эрх. Тиймээс хүн бүр амжилтанд хүрэх эрхтэй.
Зарим хүний авьяас, хүсэл тэмүүлэл хар багаасаа л илэрдэг. Ийм хүмүүсийг хараад би дотроо их атаархдаг байсан. Тэгээд “ямар хүмүүс ийм азтай, авьяастай болоод төрчихдөг байна аа” гэж боддог байсан. Би 10 жилд байхдаа “Хэрвээ шидтэн надаас ганцхан хүслийг чинь биелүүлье гэж асуувал би нэг бол янзтай дуулдаг хоолойтой больё ( би өөрөө их солгой хоолойтой болохоор гоё дуулдаг болох юмсан гэж мөрөөддөг байсан) эсвэл нэг зүйлд онцгой авьяастай болгож өгөөч гэж гуйна” гэж их мөрөөддөг байж билээ. Мэдээж энэ нь хэзээ ч бүтэхгүй мөрөөдөл байсан. Гэлээ ч зүрх сэтгэлийнхээ гүнд нэг зүйл байх л ёстой гэдэгт би нууцхан итгэдэг байсан.
Таны хувьд энэ чин хүсэл тэмүүлэл гэж юу вэ?
Миний хувьд энэ чин хүсэл тэмүүлэл гээд байгаа зүйлийг бодоод, хайгаад, олоод авчихдаг зүйл гэж бодохгүй байна. Дуртай ном, хөгжим, хувцас зэргийг хайгаад олоод авчихаж болно. Жнь: “Би ямар өмдөнд дуртай вэ?” гэж бодлоо гэхэд “Би хар өнгийн бариу, сундаг, жийнс өмсөх дуртай юм байна” гэдгийг мэдээд, түүнийгээ зах ороод, эсвэл дэлгүүр хэсээд олоод авчих жишэтэй.
…Одоо миний энэ хийгээд байгаа хувь хүний хөгжил, амжилтыг бусдад түгээх, бусдад эрч хүч өгөх нь миний чин хүсэл тэмүүлэл мөн үү гэвэл мөн. Би үүнийгээ хийх дуртай юу гэвэл дуртай. Гэхдээ энэ хийх дуртай зүйлээ гэв гэнэт нэг өдөр “Энэ л миний чин хүсэл тэмүүлэл юм байна. Үүнийг л би хийе” гээд хийчихсэн юм биш. Үүнийгээ олж авахын тулд их олон жилийн хүч хөдөлмөр зарцуулсан. Бүүр бага байхаас авахуулаад өнөөдрийг хүртэлх явсан зам, хийсэн үйлдэл, олж авсан туршлагууд маань бүгд нийлээд өнөөдрийн энэ миний хийх дуртай зүйлийг нээсэн юм байна гэдгийг би хожим мэдэж авсан. Тодруулбал, хэрвээ би 20 хэдэн насандаа хувь хүний хөгжлийн тухай бусдад түгээх нь миний чин хүсэл тэмүүлэл юм байна гэдгийг мэдсэн бол би тухайн үед үүнийгээ барьж аваад хийх чадваргүй л байх байсан. Нэг ёсондоо бэлэн биш байх байсан.
Харин тэр үед хийж байсан зүйл нэг боломжийг нээж, тэр нэг боломж дараагийн боломжийг нээж, өөрөөр хэлбэл хийсэн нэг үйлдэл нөгөөрүү чиглүүлсээр байгаад өнөөдрийн энэ боломжийг нээсэн юм байна гэдгийг мэдсэн.
Чин хүсэл тэмүүллээ (passion) яаж олж авах вэ?
Тиймээс “passion” бол нэгээс нөгөөрүү туулах зам гэж бодож байна. Магадгүй өнөөдрийн миний энэ хийж байгаа зүйл дараагийн миний жинхэнэ хүсэл тэмүүллийг нээж болно гэдгийг бас үгүйсгэхийн аргагүй.
“Apple” компанийг үндэслэгч Steve Jobs үүнийг маш гоёор хэлсэн байдаг.
“Амьдралд тохиолдож буй үйл явдлууд бүгд хоорондоо уялдан холбоотой байх болно гэдгийг урьдчилан хэлэхийн аргагүй. Зөвхөн өнгөрснөө эргэн харснаар хоорондоо бүгд уялдаатай болсон байхыг мэддэг. Тиймээс өнөөдриийн энэ хийж байгаа үйлдлүүд бүгд хоорондоо ямар нэгэн байдлаараа ирээдүйд холбогдоно гэдэгт итгэ. Заяа, тавилан, аз хийморь, гайхамшиг, ид шид, дотоод хүч юунд итгэмээр байна түүндээ итгэ. Ингэж итгэснээр өөртөө итгэх, өөрийнхөө зүрх сэтгэлийг дагах итгэлийг олж авах болно. Миний энэ хандлага үргэлж зөв байсан. Миний амьдралд ч их нөлөөлсөн юм.”- Steve Jobs
Тиймээс Стийв Жобсын хэлснээр таны одоо хийж байгаа зүйл ямар нэгэн байдлаараа ирээдүйд гарч ирэх сайн сайхан зүйлтэй холбоотой байх болно гэдэгтээ итгэх хэрэгтэй. Одоо энэ хийж байгаа зүйлээ хийж байгаа учраас л ирээдүйд сайхан боломжуудыг нээх юм байна гэдэгт итгэ.
Санаж яв: Чин хүсэл тэмүүллийг бодоод, хайгаад л олоод авчихдаг зүйл биш. Учир нь чин хүсэл тэмүүлэл гээд байгаа зүйл бидний тархинд биш зүрх сэтгэлд оршдог. Тиймээс зүрх сэтгэлээ дага. Зүрх сэтгэлээ дагасан үйлдэл хий. Хийж буй үйлдлээ бүр сайнн хий.
Нэмж хэлэхэд энэ “passion” гээд байгаа зүйл цаг тухайн үед хийж буй зүйлээ яаж хийж байгаагас бас их шалтгаална. Хийе гэдэг үүднээс хандаж байна уу эсвэл тэгж ингэсхийж өнгөрөөж байна уу? Хэрвээ чин сэтгэлээсээ хийж байгаа бол та хүсэл тэмүүллээ олох л болно. Харин үгүй бол та үргэлж хайсаар гайхсаар хоцрох болов уу гэж айж байна.
Зарим тохиолдолд зарим хүн “өө, энэ миний дуртай зүйл байна” гэж барьж аваад түүнийгээ хийдэг, тэгээд л жижиг саадтай учрахаараа сонирхол нь буурч “өө, би үүнд дургүй юм байна гээд хаядаг. Дараагийх нь гарна, барьж авна, бэрхшээлтэй тулгарна, сонирхол буурна “өө, биш байна” гээд бас хаяна. Ингээд хаяад байвал бид “passion” гээд байгаа зүйлээ олж авч чадахгүй. Олж авсан ч жижигхэн бэрхшээлээс болоод анзааралгүй орхиж мэднэ. Жижигхэн бэрхшээлээс болоод хүсэл тэмүүллээ анзаарахгүй орхино гэдэг харамсалтай биз дээ, тийм үү?
Харин юу барьж авна, юу хийнэ хамаагүй түүндээ бүрэн анхаарлаа төвлөрүүлж, чин сэтгэлээсээ, хамаг эрч хүч, энергиэ шавхан хийж чадвал магадгүй тэр таны чин хүсэл тэмүүлэл болон хувирч болно шүү дээ.
Одоо танаас асуух зүйл байна. Та өөрийнхөө “passion” – чин хүсэл тэмүүллээ мэдэж байгаа юу? Хэрвээ мэдэж байгаа бол түүнийгээ яаж мэдсэн тухайгаа доор хуваалцвал би их баярлах болно.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр