Үгүй гэж хэлэх 7 энгийн арга
Өмнөх ВЛОГ дээр “Өөрийнхөө төлөө үгүй гэж хэлж сурцгаая” гэдэг сэдвээр ярьсан байгаа. Үзээгүй бол энд дарж узнэ үү.
Танд үгүй гэж хэлэх хэцүү байдаг уу?
Яагаад үгүй гэж хэлэх хэцүү байдаг вэ?- За гэж хэлэх 6 шалтгаан
1. Та хүнд туслах дуртай – Та маш их тусархуу хүн учраас үгүй гэж хэлдэггүй.
2. Эелдэг бус байхаас айдаг – Даа ялангуяа ахмад настай хүмүүстэд үгүй гэж хэлэх бүүр хэцүү. Хэрэв үгүй гэж хэлбэл нэр нүүрээ барж байгаа нь тэр.
3. Аль болох бусадтай нийцэхийг хүсдэг – Та бусадтай нийцээгүйгээс болоод тодорхой хэсэг хүмүүс, хамт олны дунд орж чадахгүй байвал яанаа гэж айдаг. Тиймээс та үргэлж бусадтай нийцэж, зөвшилцөхийг хүсдэг.
4. Зөрчилдөөн болохоос айдаг – Үгүй гэж хэлснээр нөгөө хүн уурлаж зөрчилдөөн үүсэхээс сэрэмжилдэг, эсвэл тухайн үед зөрчилдөөн үүсэхгүй ч гэсэн ирээдүйд гарч магадгүй гэж боддог.
5. Боломжийг алдах вий гэхээс айдаг – Үгүй гэж хэлснээр амжилтын хаалга хаагдана гэж айдаг .
Жнь: Хэрвээ танай дарга таныг ондоо хэлтэс рүү шилжүүлэхээр боллоо гэж бодьё. Та өөрийнхөө одоо байгаа хэлтэст үнэхээрийн сэтгэл хангалуун байгаа учраас өөр хэлтэст очих хүсэлгүй байсан ч, үгүй гэж хэлснээр ирээдүйд гардуулах шагнал урамшууллыг хүртэж чадахгүй байж магадгүй гэж бодсон учраас за гэхээс аргагүйд хүрэх жишээтэй.
6. Найз нөхдийн харьцаагаа эвдэж, муутгана гэж бодож байгаа учраас үгүй гэж хэлдэггүй.
Үгүй гэж хэлснээр…
– та эелдэг бус байж, бусадтай нийцдэггүй хүн болж байгаан юм биш
– бусадтай зөрчилдөж, боломжийг алдаж байгаан юм биш
– найз нөхдөө алдаж, нэр нүүрээ барж байгаан юм биш…
Үгүй гэж хэлэх нь өөрийн ОРОН ЗАЙ, ЦАГИЙГ үнэлж, хүндэтгэж байгаагийн шинж. Үгүй гэж хэлэх нь таны бүрэн эрх!
Та өөрийгөө энэ тал дээр ямар хүн бэ гэдгийг шалгахыг хүсвэл энд дарна уу.
Үгүй гэж хэлэх 7 энгийн арга
1. Уучлаарай, надад үүнээс илүү чухал хийх ажил байгаа учраас амлаж (хийж) чадахгүйнээ. – Хэрвээ та үнэхээр завгүй байгаа бол энэ хэллэгийг хэрэглэж болно. Хүсвэл яг юу хийж байгаагаа нөгөө хүнд тодруулан хэлснээр таныг илүү ойлгох болно.
2. Уучлаарай, яг одоо гэвэл би чадахгүй, (30 минутны, цагийн) дараа бол болж байна. – Хийх ёстой юмаа хийгээд ид дундаа орж байхад хүмүүс юм асуух, утас дуугарах гэх мэтийн садаанууд гарч ирэх нь их тохиолддог. Энэ хэллэгийг хэрэглэснээр 1-рт яг одоо оновчтой цаг биш гэдгийг нөгөө хүндээ мэдүүлж, 2-рт огт үгүй гэж хэлээгүй, дараа бол болж байна гэсэн учраас хүмүүсийг нээх их гомдоохгүй бизээ.
3. Би тусламаар л байна (тэгмээр л байна, сайхан сонсогдож байна…) гэхдээ… – Энэ нь үгүй гэж хэлж байгаа маш эелдэг хувилбар. Хэрвээ та өөр юм хийгээгүй бол тухайн хүний санал болгож буй зүйлд үнэхээр дуртай байгаа юм байна гэдэг сэтгэгдэл төрүүлдэг. Дээрх хэллэгийн дараа #1,# 5 -ыг дагуулж хэрэглэж болно.
4. Бодож үзье, тэгээд холбоо барья. – Энэ нь яг үгүй гэж хэлээгүй, магадгүй гэдгийг хэлж байгаа. Хэрвээ та үнэхээр сонирхоод, гэхдээ за гэж арай л хэлж чадахгүй байвал энэ хэллэгийг хэрэглээрэй. Тэгээд хэзээ эргүүлж холбоо барихаа хэлэхээ мартваа. Огт сонирхоогүй тохиолдолд #5,# 6,# 7 хэрэглэж болно.
5. Энэ үнэхээр надад хэрэггүй зүйл байна, гэхдээ юмыг яаж мэдэхэв санахад илүүдэхгүй л юм байна. – Хэрэв хэн нэгэн хүн танд ямар нэгэн юм санал болгоод, тэр нь танд таалагдахгүй байвал үүнийг шууд хэрэглэх нь зүйтэй. Шууд хэлснээр нөгөө хүнийг, таны цагийг үргэлжлүүлэн үрүүлэхгүй, зогсоох болно. Энэ хэллэг нь тухайн хүний санал болгосон зүйл зөвхөн танд хэрэггүй юм байна гэдгийг мэдүүлж байгаагаас гадна “санахад илүүдэхгүй” гэж хэлснээрээ та ирээдүйд боломж гарах магадлалтай гэдгийг ойлгуулж байгаа юм.
6. Би танд тус болж чадахгүй байх гэж айж байна. Та …. гуайгаас асуувал зүгээр байхаа? – Хэрвээ та тус болж чадахгүйгээ мэдэж байгаа бол түүнийгээ илэрхийлж, тус болж чадах хүн, хэлтэс, байгууллага руу чиглүүлж өгөх.
7. Үгүй ээ, чадахгүй. – Нялуунаас шулуун нь дээр. Хэрэглэхэд шулуун, хамгийн амархан арга. Үгүй гэж хэлэх гээд бөөн юм болж байхын оронд шууд хэлчихвэл заримдаа хялбар байдаг.
Үгүй гэдгийг хэлж сурснаар өөрт зарцуулах ИЛҮҮ ЦАГ гарахыг хараад та баярлах болно гэдэгт итгэлтэй байна.
Танд амжилт хүсье!
©Ука Төмөр
bayrlalaa uka amjilt husie!
BAYARLLAA!!!
@BAYARAA <3!