Ажлаа хойш тавьдаг муу зуршлаасаа яаж салах вэ
Ажлаа хойш тавьдаг муу зуршлаасаа яаж салах вэ
Танд хийж бүтээх ажил их байвч, хийхгүй хойшлуулдаг муу зуршлаасаа болоод хийж чадахгүй байгаа бол өнөөдрийнхөө подкастыг таньд зориулж байна. Их олон хүн энэ хойшлуулдаг муу зуршлаасаа болоод амжилтанд хүрч чаддаггүй, мөрөөдлөө биелүүлж, зорилгодоо хүрч чаддаггүй. Гэхдээ энэ олон хүмүүсийн тоонд таныг битгий ороосой гэж хүсч байна. Яагаад гэвэл хийх юмаа хийх нь чухал гэж мэдсэн мөртлөө хойшлуулах нь тийм сайхан мэдрэмж төрдөггүйг бид мэднэ. Үргэлж тархины цаана хийхгүй бол хийхгүй бол гэсэн бодол арилахгүй үргэлж байж байдаг. Тийм учраас би хойшлуулах муу зуршлаа хэрхэн даван туулах тухай оруулж байна. Та дуустал нь снссоны дараа хийхгүй хойшлуулдаг муу зуршлаасаа салах чухал арга барилуудыг мэдэх авах учраас та дор нь түүнийгээ хэрэгжүүлж эхлэх боломжтой болно.
Хийхгүй хойшлуулах нь бидэнд их муу нөлөөтэй байдаг. Бид хийхгүй байснаас бүх юм хойшлогддог. Бүх үйл явц хойшлогддог. Бидний ололт амжилт, урагшлалт, хөгжил, мөрөөдөл, зорилго хойшлогдоно. Аливаа юмыг хийж бүтээсний дараа төрдөг тэр сайхан мэдрэмж хүртэл хойшлогддог. Энэ нь лон удаа давтагдвал бид өөрсдийнхөө үнэ цэн, итгэл үнэмшлийг алдаж эхэлдэг.
Тиймээс энэ хойшлуулдаг муу зуршлаасаа салах нь чухал байдаг л даа. Салах боломжтой юу гэвэл боломжтой. Яаж вэ гэдгийг мэдэхээс өмнө яагаад хойшлуулдаг вэ гэдгийг мэдэх нь зүйтэй байх гэж бодож байна.
Хүн бүрийн хойшлуулдаг шалтгаан нь өөр өөр байдаг.
Миний хувьд бол 2 шалтгаан бий. Ямар нэгэн юм хийхдээ заавал бүрэн төгс хийхийг хичээдэг. Тэгээд санасанд хүрэхгүй бол хийхгүй хойшлуулдаг. Нөгөө нь хийх хангалттай цагтай болохыг хүлээдэг. Цаг гарч өгөхгүй бол хойшлуулдаг. Жишээлбэл хийх гэж байгаа ажилд нэг цаг шаардагдах хэрэгтэй байлаа гэж бодьё. Хэрвээ надад нэг цаг биш 40 минут байвал би хийхгүй хойшлуулна. 45 минут байсан ч хийхгүй хойшлуулна. Заавал нэг эсвэл түүнээс илүү цаг байвал хийх жишээтэй. Тэгэхээр таны хойшлуулж байгаа шатгаан юу вэ? Их олон хүмүүс залхуу учраас хийхгүй хойшлуулаад байна гэж боддог. Үгүй. Та залхуу биш. Хийхгүй байгаадаа өгсөн нэр нь л залхуу болохоос, та залхуу иш. Залхуу байсан бол бүр юу ч хийхгүй байх байсан. Гэтэл та маш олон зүйл хийж байгаа. Ажилдаа явж байгаа, сургуульдаа явж байгаа, гэрийхэндээ тусалж байгаа, хүүхдээ харж байгаа, хүмүүст тусалж байгаа…Маш их юм хийж байгаа. Зөвхөн тухайн юмыг хийх гэхээр яг юу саад болж байгааг олж мэдэх хэрэгтэй. Тэр юу юу байж болох вэ? Жишээлбэл:
- Та надтай ижилхэн хийх юмаа нэг мөр сайн хийх гээд хойшлуулдаг байж болох юм. Нэг мөр сайн хийхийн тулд маш олон зүйлийг мэдэж авах, маш олон зүйлийг төгс сайн хийх хэрэгтэй болно. Энэ нь өөрөөсөө их юм шаарддаг учраас түүндээ ядраад хийхгүй хойшлуулна.
- Та өдөр болгон маш их юм хийдэг учраас танд хангалттай цаг байхгүй байгаа. Өөрөөр хэлбэл хийдэг олон ажлуудаа зөв хуваарилж чадахгүй байна гэсэн үг.
- Ямар нэгэн юмыг хийнэ гэдэг нь өөртөө хариуцлага хүлээлгэдэг. Хэрвээ хариуцлага хэтэрхий хүнд, том юм шиг санагдвал түүнээс айгаад хийхгүй хойшлуулдаг. Энэ айдас 2 янз байна. Эхнийх нь хийж чадахгүй бол яана гэж айна. Хоёр дахь нь хариуцлагыг хүлээж авснаар их зүйл өөрчлөгдөж, их ажил өмнө нь овоорно гэдгээс айдаг.
- Тэр хийх гээд байгаа ажилдаа та огт сонирхолгүй, таны хүслийн дагуу ажил биш, магадгүй хэн нэгэн таныг хийгээсэй гэж бодоод байгаа учраас та өөрийгөө хүчлээд байгаа байж болно.
Таны хувьд хийхгүй хойшлуулах шалтгаанд дээрх 4-ийн аль нь орж байна вэ? Та түүнийгээ тодорхойлоорой.
Одоо ажлаа хойш тавьдаг муу зуршлаасаа яаж салах вэ? тухай үзье.
Ажлаа хойш тавьдаг муу зуршлаасаа яаж салах вэ?
Та цаас харандаа аваад юу хийх гээд хийхгүй хойшлуулж байгаагаа бичээрэй. Хэрвээ та үр дүн үзэхийг хүсч байгаа бол заавал бичээрэй. Цаасан дээр бодож сурснаар бид маш сайн үр дүнд хүрдэг учраас би танд бичихийг санал болгож байна.
- Та юу юу хийх гээд хийхгүй хойшлуулж байна вэ? Хойшлуулж байгаа ажлуудаа цаасан дээр жагсааж бичээрэй.
– Та бизнесээ бүтээмээр байна уу?
– Та номоо бичих хэрэгтэй байна уу?
– Та гэр бүлийн харилцаагаа сайжруулмаар байна уу?
– Хэлний мэдлэгээ сайжруулмаар байна уу?
– Шинэ ур чадвар эзэмшмээр байна уу?
– Дасгал хийж эхлэмээр байна уу?
– Видео хийж, блог хөтөлж эхэлмээр байна уу?
– Гэрээ цэвэрлэж, шкафаа цэгцэлмээр байна уу… бүгдийг бичээрэй. - Тэгээд дараа нь яагаад хийх хүсэлтэй байна вэ? Хийснээр гарах үр дүн нь юу вэ? гэдгийг бичих.
- Үүний дараагаар хийх ажлуудаа чухал чухал бишээр нь ангилаарай. Чухал гэж бодож байгаагаа нэг гэж дугаарлаад, дараагийн чухлыг нь 2 гээд, нээх чухал биш гэдгийгээ 3, 4, гээд, хийхгүй ч байж болно гэдгийг хамгийн сүүл рүү нь дугаарлаарай.
- Тэгээд хамгийн чухал ажлуудаа түүж аваад дахиад бичээрэй.
- Шинээр бичсэн ажлуудаасаа хамгийн чухлыг нь аваад түүнийгээ хийхийн тулд юу юу хийх вэ гэдгийг бичнэ. Маш сайн задлаад бичээрэй. Ингэж задалж бичсэнээр хийхэд амархан болгодог. Задалж бичээгүй тохиолдолд нэг бүтэн том ажил байдаг. Тэгээд түүнийгээ хийнэ гээд тархиндаа бодсоноор яг юунаас хийж эхлэхээ мэддэггүй учраас бид бас хойшлуулдаг. Харин задалж бичсэнээр юунаас хийхээ мэднэ, хийхэд амархан болдог учраас маш үр дүнтэй арга байгаа юмаа.
Жишээлбэл та өөрийн ютюб сувагтай болох хүсэлтэй байлаа гэж бодьё. Гэтэл яг юунаас эхлүүлэхээ мэдэхгүй байсан учраас хойшлуулж байсан байж болно. Тэгвэл түүнийгээ задалж цаасан дээр одоо бодьё.
1-рт Та яагаад ютюб сувагтай болмоор байна вэ? Ютюб сувагтай болсноор гарах үр дүн юу юм бэ гэдгийг бичих.
2-рт юуны тухай суваг байх вэ гэдгийг мэдэх Өөрөөр хэлбэл та ямар сэдвээр бичлэг хий вэ?
3-рт Түүндээ ямар нэр өгөх вэ? Ютюб сувгаа нээхээс өмнө ямар нэр өгөхөө мэдэх. Тэр нэрээр чинь өөр хүмүүс нээсэн байна уу гэдгийг гүүглэдэж үзэж судлах.
4-рт ютюб.ком руу орж сувгаа нээнэ.
5-рт эхний бичлэгээ хийнэ.
6-рт ютюб дээрээ байрлуулна.
7-рт сошиал медиа дээр байгаа найзууддаа хэлж мэдэгдэнэ.
Ингэж бүгдийг задалж бичсэнээр та хамгийн түрүүнд юу хийхээ мэдэж авах болно. Хэрвээ дунд нь урам хугарч, эрч хүчээ алдвал яагаад хийж байгаагаа хийж байна вэ гэдгээ өөртөө сануулаарай.
Тэгэхээр дахин хэлье, тархиндаа бодсоноор заримдаа тодорхой биш, юунаас эхлүүлэхээ мэдэхгүй, хэцүү санагддаг учраас бид дараа болье гэж хойшлуулдаг. Харин цаасан дээр задалж бичсэнээр бүгдийг тодорхой болгодог учраас би цаасан дээр бодоорой гэж зөвлөмөөр байна.
Би өөрийнхөө жишээнээс бас тайлбарлая. Би анх онлайн сургалтуудаа гаргах үед надад хийх юм маш их байсан. Би бүгдийг бичиж дээрээс нь доош нь ангилж бичиж байсан. Үүнд Трафик 1.0 сургалт орж байсан, Супер 6 орж байсан, турник дээр суниаж сурах орж байсан, подкаст-ийг шинээр хийх орж байсан дээр нь хүүхдүүддээ цаг зарцуулах, шинээр олон төрлийн амттай хоол хийж сурах гээд л олон зүйлүүд орж байсан. Яг юунаас нь эхлүүлэхээ мэдэхгүй, хийнэ гэдгээ тархиндаа бодоод маш их хугацаа алдсан. Сүүлдээ тэр маань утгаа алдаад өөрийгөө голж эхэлсэн л дээ. Харин нэг өдөр сууж байгаад бүгдийг цаасан дээр бодож, ангилж бичиж, яагаад хийхгүй байна вэ, шалтгаан нь юу вэ, яагаад хийх хүсэлтэй байна вэ, хийснээр гарах үр дүн нь юу вэ гэдгийг бичиж, хийхийн тулд юу юу хийхээ бүгдийг задалж, эмх цэгцтэй болгосноор хийх ажлууд маань нүдэн дээр харагдсан учраас түүнийгээ барьж авч эхнээс нь хийж эхэлсэн.
Энэ арга надад тусалсан болохоор таньд ч гэсэн туслана гэдэгт итгэлтэй байна.
За тэгэхээр өнөөдрийнхөө подкастыг дахиад нэг гүйлгэж харахад хүн залхуугаасаа болоод хийх ажлаа хойшлуулдаггүй гэдгийг мэдэж авлаа. Хүн бүрийн хойшлуулдаг шалтгаан өөр өөр байдаг. Тиймээс яагаад хойшлуулдгаа мэдэж авах нь зүйтэй. Мөн хийх хүсэлтэй байгаа ажлуудаа бүгдийг цаасан дээр бичиж альныг хамгийн их хийх хүсэлтэй байна вэ гэдгийг мэдэж түүнийгээ яагаад хийх хүсэлтэй байна вэ, хийснээр гарах үр дүн нь юу вэ гэдгийг тодорхой болгох. Эцэст нь хийхийн тулд юу юу хийх вэ гэдгийг бүгдийг задалж бичиж тодорхой болгох. Ингэж чадвал бид хийж, хийхгүй хойшлуулдаг муу зуршлаасаа салах болно. Энэ нь үнэхээр үйлчилдэг арга байгаа.
За тэгэхээр энэ танд жаахан ч гэсэн тус болсон байх гэж найдаж байна. Хэрвээ таалагдсан бол сэтгэгдлээ үлдээж, подкастад subscribe хийгээрэй хэрвээ та itunes дээр сонссон бол 5 одоо харамгүй өгөөрэй. Цааш нь найз нөхөддөө дамжуулаарай.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР