Өөртөө итгэхэд юу саад болж байна вэ
Өөртөө итгэхэд юу саад болж байна вэ?
Амжилтанд хүрэхийн тулд бид өөртөө итгэх хэрэгтэй байдаг. Гэвч өөртөө итгэхэд саад болдог хамгийн том зүйл бол БУСДААС САНАА ЗОВОХ юм. Бусдаас санаа зовдог байдал амжилтанд хүрэх боломжийг бүрмөсөн хаадаг.
Бусдаас яагаад санаа зовдог вэ? Та өөр дээрээ сайн бодоод үзээрэй. Би өөр дээрээ бодоход яагаад бусдаас санаа зовдог вэ гэвэл ихэвчлэн хийж байгаа үйлдэл төгс биш учраас бусдад таалагдахгүй байвал яах вэ? Бусад юу гэх бол гэдгээс санаа зовдог.
Хэрвээ хийж байгаа юм төгс тэгээд тэр нь хүн бүрт таалагдсанаар амжилтанд хүрдэг байсан бол амжилттай хүн гэж байхгүй байх байсан.
Үнэн хэрэгтээ төгс юм гэж байхгүй, байсан ч тэр нь хүн бүрт таалагдана гэж ерөөсөө байхгүй. Яаж ийж байгаад л таалагдахгүй байх нэг зүйл гарч ирнэ.
Тийм болохоор хийх юмаа хийх л хэрэгтэй. Бусдаас санаа зовох хэрэггүй. Хийх ёстой юмаа хийснээр таны өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ. Хийх ёстой юмаа хийснээр тодорхой хугацааны дараа та түүндээ сайжирч, хийж байгаа зүйл чинь үнэ цэнтэй зүйл болж хувирна. Тэгээд бусад түүнийг чинь үнэлэх болно.
“Хүн хорин хэдтэй байхдаа бусад юу гэх бол гэдэг дээр анхаарлаа их төвлөрүүлдэг. Дөч хүрэхэд тоохоо больдог. Жар хүрэхэд хэн ч таны тухай анхнаасаа хэзээ ч бодоогүй байсныг ойлгодог.” – Winston Churchill
Тиймээс хэн ч таны тухай бодоогүй. Хүн өөрөө бусдын өмнөөс бодоод байдаг болохоос биш бусад таны тухай огтхон ч бодоогүй байгаа.
Та өөр дээрээ та бодоод үздээ. Та бусдыг бодоод, хараад шоолоод, шүүмжлээд, хийх үйлдлийг нь алхам тутамд нь хянаад байна уу? Хэрвээ хэн нэгэн хүн алдаа гаргавал та яадаг вэ? Тэр хүнийг муулаад л цааш нь яриад л, харахаараа янз бүр болоод байдаг үү? Үгүй биз дээ.
Бусад ч гэсэн мөн ялгаагүй тантай адилхан. Магадгүй таны өмнөөс бодоод, танаас санаа зовоод явж байж болох юм. Тийм болохоор бусдаас санаа зовохоо зогсоох хэрэгтэй.
Тэгэхээр өөрөөсөө хамгийн түрүүнд асуугаарай. Хийж байгаагаа бусдад таалагдахын тулд хийж байна уу эсвэл өөрөө үнэхээр хийе гээд хийж байна уу? Шийдвэр гаргахдаа бусад дээр тулгуурлаж байна уу эсвэл өөрөө хүссэн учраас шийдвэрээ гаргаж байна уу?
Миний хийж байгааг юу гэж бодох бол, миний өмссөнийг юу гэх бол, намайг юу гэх бол, ингээд хэлчихвэл юу гэх бол гэж бодож, хайрын цагаа бусдаас санаа зовж өнгөрүүлэхийн оронд . анхаарлаа өөрийнхөө мөрөөдөл, зорилго дээрээ, хийж байгаа юмандаа төвлөрүүлснээр амжилтруугаа ойртох болно.
Өөртөө итгэхэд юу саад болж байна вэ?
Хэрвээ танд энэ бичлэг таалагдсан бол цааш нь найз нөхөддөө түгээгээрэй. Мөн энэ тухай сэтгэгдлээ үлдээгээрэй. Доор ярилцья.
Миний дараагийн бичлэгийг алдахгүй үзэхийг хүсвэл цахим мэдээлэлд бүртгүүлээрэй.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР