Хүйтний улиралд гүйхэд юу өмсөх вэ
Хүйтний улиралд гүйхэд юу өмсөх вэ?
Би их бээрэг хүн. Түрүүчийн 7 хоногт өглөө нар мандахаас өмнө би хүүгээ дагуулаад дасгал хийхээр далайн эрэг дээр очсон. Тэр өглөө бороотой, салхитай их хүйтэн байсан. Тэгээд ч тэр үү миний хүйтэнд гүйдэг байсан үе өөрийн эрхгүй санаанд буусан. Хэдэн жилийн өмнө Чикаго хотод байхдаа би өвөл их гүйдэг байсан. Өвлийн хүйтэнд гүйнэ гэдэг миний хувьд өөрийгөө сорьсон асуудал байсан. Би гүйж байх үедээ даарахаас илүү гүйж дууссаны дараа их даардаг байсан. Бүүр голдоо ортол даардаг байсан. Халуун усанд ороод ч нэмэргүй өдөржингөө даардаг байсан болохоор хүйтэнд гүйхээс халширдаг байсан.
Хэрвээ хүйтэнд гүйнэ гэвэл өөрийгөө асар их идэвхжүүлж, зоригжуулахгүй л юм бол хэцүү. Харин даарах нь хүйтний улиралд зөв хувцаслаж гүйгээгүйгээс болсныг мэдээд хувцсаа зохицуулж өмссөнөөр хүйтэнд гүйх нь халуунд гүйхээс илүү аятайхан санагддаг болсон. Тийм болохоор өвлийн улиралд юу өмсөж гүйх вэ гэдгийг хуваалцах нь зөв санагдлаа.
Хүйтний улиралд гүйхэд юу өмсөх вэ?
Юуны өмнө дотуураа нимгэхэн, хөлс гадагшлуулдаг, уурт ханцуйтай, уртавтар цамц өмсөх нь зүйтэй. Хэрвээ хөлс гадагшлуулдагүй цамц өмсвөл гарсан хөлс хөрж биеийг дааруулдаг. Хэрвээ богинохон цамц өмсвөл гэдэс рүү салхи орж дааруулна. Тиймээс өмдөн дотор орохоор урт цамц өмсөх нь зүйтэй санагдсан. Дотуур өмсөх цамцны зурагнуудыг доор жишээ болгож орууллаа. Биеийн тамирын хувцас хийдэг бүх компаниуд ийм цамц хийдэг.
Нимгэхэн цамцан дээгүүрээ дулаахан, хөнгөн, биеийн тамирын цамц өмсөөрэй. Жшээ болгож доор хэдэн зураг орууллаа.
Тэгээд гадуур нь салхи нэвтэрдэггүй куртка өмсөөрэй. Жишээ зурагнуудыг доор орууллаа.
Доогуураа мөн ялгаагүй хөлс гадагшлуулах(биеийн тамирын) ретуз өмсөөд дээгүүр нь давхар бэлтгэлийн өмд өмсөх эсвэл өвлийн гүйлтийн бариу өмд гэж байдаг түүнийг өмсвөл бүүр зүгээр. Ийм өмд нь салхи нэвтрүүлэхгүй мөн хөлс гадагшлуулж хуурай байлгадаг учраас биенд их эвтэйхэн байдаг.
Хүйтний улиралд гүйхэд чих, гар их даардаг тул бээлий, малгай(чихэвч) заавал өмсөөрэй. Миний эрүү курткний заханд хүрээд үрэгдэхээс гадна, хайраад дааруулдаг байсан болохоор би дотуураа ороолт зүүх дуртай.
Харин гуталны хувьд ямар гутал өмсөх вэ гэвэл хэрвээ гадаа цасгүй, халтиргаагүй бол гүйлтийнхээ гуталтай гүйж болно. Хэрвээ халтиргаатай бол хэцүү тиймээс “trail running shoes” гэж байдаг түүнийг өмсөх хэрэгтэй. Жишээ зурагнуудыг доор орууллаа.
Энэ мэдээлэл танд хэрэгтэй санагдсан бол өөр хэрэг болох хүмүүст цааш нь дамжуулаарай. Мөн гүйлтийн тухай асуултууд байвал доор асуугаарай.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР