Талархах нь 2 талтай
Талархах нь 2 талтай
Та талархлаа хэр их илэрхийлдэг вэ? Хэрвээ талархлаа байнга илэрхийлдэг бол гарах үр дүнг нь сайн мэдэж байгаа гэж бодож байна. Хэрвээ үгүй бол өнөөдрөөс талархлаа илэрхийлж эхлээрэй гэдгийг сануулахыг хүслээ.
Өдөр болгон баярлаж талархснаа илэрийлснээр аз жаргал 25 хувиар ихэсдэг гэдгийг судалгаагаар баталсан байдаг. Нийт хүн амын 65% талархлаа огт илэрхийлдэггүй ба үүний 56% нь талархах зүйл огт байдаггүй болохоор талархдаггүй гэжээ.
Огт талархах юмгүй байна гэдэг миний хувьд утгагүй санагдаж байна. Адаглаад л энэ мэдээллийг олж уншиж байгаадаа талархах, унших нүдэндээ талархах, уншихыг зааж өгсөн багшдаа талархах гээд л… талархах зүйл дуусахгүй юм шигээ.
Талархах нь 2 талтай
- Баярласнаа илэрхийлнэ
- Талархаж байгаа юмныхаа үнэ цэнийг нэмэгдүүлнэ
Жишээлбэл: Амьдралдаа талархах нь:
- Амьдарч байгаадаа, амьдралд тохиолдож байгаа сайн сайхан бүхэндээ баярлаж талархснаа илэрхийлнэ гэсэн үг.
-
Амьдралдаа талархснаар амьдралаа илүү үнэ цэнтэй болгоно.
Миний хувьд би амьдралдаа талархснаар миний амьдрал ямар чухал болохыг мэдэрч чаддаг.
Ингэж мэдэрснээр амьдралаа үрэн таран хийлгүй, үнэ цэнтэй амьдарсан шиг амьдрах хүсэл маань улам хүчтэй болдог.
Бусдад баярлаж талархах нь:
- Бусдад баярласнаа илэрхийлж ‘баярлалаа’ гэдгээ хэлнэ.
-
Тухайн хүний үнэ цэнийг нэмэгдүүлнэ.
Хэрвээ хэн нэгэн надад талархвал би яадаг гэж санана аа 🙂
- Шууд урам орж, бусдад туслах хүсэл маань улам их нэмэгддэг
- Миний өөртөө итгэх итгэл нэмэгддэг
- Миний оролцоо чухал гэдгийг мэдэрдэг
- Би хэрэгтэй хүн гэдгээ мэдэрч чаддаг
Товчхон хэлэхэд миний ҮНЭ ЦЭН шууд нэмэгддэг.
Тиймээс өнөөдөр бусдын үнэ цэнийг нэмэгдүүлье гэвэл баярлаж явдаг хүмүүстээ заавал “Баярлалаа!” гэж хэлээрэй.
Таларахана гэдэг нь зүгээр нэг баярлаа-гаар зогсохгүй цаанаа гүн утгыг агуулж байдгийг мэдэх нь зүйтэй болов уу.
Тийм учраас
- Баярлаж талархснаа өдөр бүр илэрхийлэх. – Илэрхийлж чадахгүй бол амжилтын дэвтрээ нээгээд бичиж илэрхийлэх. Өдөр бүр талархлаа илэрхийлэх цагийг өөртөө гаргаарай. Миний хувьд би ус уух болгондоо талархлаа илэрхийлдэг. Азтай тоо харах болгондоо талархлаа илэрхийлдэг. Таны хувьд хэзээ байж болох уу? Өглөө орой шүдээ угаахаасаа өмнө үү, усанд орж байхдаа юу, автобусанд уу гээд л…талархах цагийг товлоорой.
- Талархлаа илэрхийлэхээ тасралтгүй үргэлжлүүлэх – Бүр насан туршдаа хийх үйлдлээ болгох нь зүйтэй. Яагаад гэвэл сайн сайхан бүхэн дээр анхаарлаа төвлөрүүлэх бүрт бид зөвхөн сайн сайхан бүхнийг өөртөө татна. Зогсоовол зогсоно. Тиймээс зогсоож огт болохгүй.
- Юунд талархаж байгаагаа тодорхой болгох – Зүгээр л амьдралдаа талархаж байна гэж ерөнхийд нь хэлэхийн оронд амьдралынхаа юу юунд талархаж байна вэ, яагаад амьдралдаа талархах болов гэдгээ тодорхой болгоно гэсэн үг. Гэхдээ тодорхой болгоогүйгээс болоод талархахгүй орхих утгагүй тул ерөнхийд нь ч болтгуай хамаагүй талархсан нь дээр шүү.
- Сэтгэл зүрхээрээ мэдрэх – Чин сэтгэлээсээ талархаж, түүнийгээ сэтгэл зүрхээрээ мэдрэх хэрэгтэй. Мэдэрч чадахгүй байгаа үедээ би нүдээ аниад, гараа зүрхэн дээрээ тавихад арай л өөр болдог юм шиг санагддаг. Миний энэ аргыг туршаад үзээрэй.
За тэгэхээр та өнөөдөр хэнд юунд талархаж байна вэ? Та өнөөдөр хэний, юуны үнэ цэнийг өсгөх гэж байна вэ? Энэ тухай доор комент үлдээж, надтай хуваалцаарай.
Миний блогоор зочилж, энэ бичвэрийг уншсанд танд маш их баярлалаа.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР