2023 Онд Яаж Тууштай Байх Вэ
2023 Онд Яаж Тууштай Байх Вэ ? Тууштай байх 7 зүйл.
Хүмүүст тулгардаг хамгийн хэцүү зүйл бол хийх байдаг. Тэр тусмаа тууштай хийх байдаг. Тууштай байж чадаагүй тохиолдолд:
- Өөртөө итгэх итгэлээ алдана
- Сахилга батгүй болно
- Өөрийгөө чаддаггүй хүнээр харна
- Эргэлзээ үүснэ…
Бидэнд юу тохиолддог вэ гэвэл: яг хийх гэхээр ямар нэгэн асуудалтай тулгардаг, яг хийх гэхээр нэг шалтаг гардаг, яг хийх гэхээр нэг юм дутдаг, яг хийх гэхээр хийлгүүлэхгүй байх ямар нэгэн юм гарч ирдэг. Тийм биз дээ. Энэ бол амьдрал. Амьдрал бол тэр чигээрээ яг хийх гэж байхад саад гарч ирдэгээр дүүрэн гэж ойлгож болно. Тиймээс шууд дайрч хийхгүй л юм бол амьдрал хэзээ ч хийлгүүлэх нөхцөл байдлыг бүрдүүлэхгүй. Бид хэзээ ч гомдоллохоо зогсоохгүй.
Тууштай байхын тулд би 7 зүйлийг оруулж байна. Хэрвээ та энэ 7-ийн аль нэгийг хийгээгүй бол магадгүй та тууштай байж чадахгүй шаналж байж болох юм.
За тэгэхээр яаж 2023 онд тууштай байх вэ? Бид яаж тууштай байхаас суралцах боломжтой. Бид бүгд суралцаж чадна. Хэрвээ хүсвэл. Үүнд 7 зүйлийг оруулж байна.
- Дэндүү ихийг өөртөө битгий амлаарай
Нэг өдөр ч дасгал хийдэггүй байж 6 өдөр дасгал хийнэ гэж өөртөө бүү амла. Түүний оронд долоо хоногийн нэг өдөр дасгал хийнэ гэж өөртөө амлаарай. Дэндүү ихийг амласнаар бид ганц 2 өдөр хийх ч цааш нь үргэлжлүүлж чадахгүй. Мөн дэндүү урт хугацаагаар хийхийг эсвэл дэндүү сайн хийхийг ч өөртөө битгий амлаарай. Гучин минут тэвчээртэй, анхаарлаа сарниулахгүйгээр хийж чаддаггүй байж нэг цаг хийж чадах уу? Өмнө нь огт хийж үзээгүй байжээж ганц ч алдаа гаргалгүй сайн хийж чадах уу? Мэдээж үгүй. Тиймээс эхний удаад цөөхөн, бага, чадахаараа хийхийг өөртөө амлаарай. Ингэж чадвал бага багаар нэмэх боломжтой болно.
Сайн муу хийх дээр биш, урт удаан хийх дээр биш, гарах үр дүн дээр биш зөвхөн хийх дээр анхаарлаа төвлөрүүлснээр тууштай хийдэг болно. Тууштай хийдэг болсноор мэдээж сайн хийдэг болно, удаан хугацаагаар хийдэг болно, амжилтанд хүрнэ. - Хийж байж бид үр дүнд хүрнэ. Хийж байж бид амжилт гаргана. Тиймээс хийх нь насан туршын үйлдэл гэдгийг мэдэх хэрэгтэй. Нэг сар хийгээд зогсох биш, нэг жил хийгээд зогсох биш өөрийгөө хийдэг хүн болгож хөгжүүлээрэй. Өөрийгөө хийдэг хүн болгож хөгжүүлснээр амьдралд юу ч тохиолдсон даваад туулах чадвартай болно.
- Завгүй цагийн хуваарьтаа хийх цаг гаргах. Үгүй бол хэзээ ч тууштай байж чадахгүй. Бид ихэвчлэн нэг заваараа хийнэ, тэгж байгаад болох байх, нөхцөл байдал өөрчлөгдөхөөр хийнэ, маргааш хийнэ гээд хойшлуулаад байдаг. Яагаад гэвэл тодорхой цаг гаргаагүй учраас тэр. Чухал юмаа хийж завгүй болоогүй юм бол өөр юу хийгээд завгүй байна вэ гэдгээ анзаарч хараарай. Иймэрхүү жижиг үйлдлүүд таныг хийдэг хүн болгож хөгжүүлнэ гэдэгт итгэх нь зүйтэй.
- Яг юу юу хийхээ өмнөх өдрөө төлөвлөөрэй. Төлөвлөөгүй тохиолдолд хийхгүй л гэсэн үг. Юу хийхээ мэдээгүй тохиолдолд юу хийх юм бэ мэдээж ойлгомжтой юу ч хийхгүй шүү дээ. Тиймээс юу хийхээ заавал тодорхой болгоорой. Жишээлбэл: Маргааш та ямар дасгал яаж хийх вэ? Хэдэн удаа хийх вэ? Эсвэл ямар дасгал дагаж хийх вэ гэх мэт. Маргааш контент бүтээхээр цаг гаргаж байгаа бол ямар контент яаж хийх вэ? Хэнтэй хийх вэ? Ямар сэдвээр хийх вэ? Сэдэвтэй холбоотой материал хаанаас олох вэ гэх мэт…
- Өөрийнхөө тухай эерэг бодлоор тархиа дүүргээрэй. Энэ бол маш чухал.
Хүн өөрийгөө хэрхэн яаж харна тийм л хүн болно. Өөрийгөө сөргөөр харж байгаа хүн хэзээ ч амжилтанд хүрэхгүй. Хэзээ ч аз жаргалтай байж чадахгүй. Тиймээс өөрийнхөө тухай сөрөг бодлыг эерэг болгож, түүнийгээ өдөр бүр давтах. Жишээлбэл би чадна, би сайжирч байна, хичээгээд хийж л таараа, бодсоноо биелүүлж чадна гэх мэт.
Та одоо, яг одоо өөртөө хэлээд үзээрэй.
– Би ер нь чадахгүй байхаа.
– Би дандаа л бүтэлгүйтдэг ш дээ
– Би дандаа өөрийгөө эвгүй байдалд оруулж байдаг.
– Над шиг хүн чадахгүй байхоо
– Би их залхуу хүн юмаа
Ингэж хэлэхээр танд ямар байна вэ? Муухай байгаа биз? Хамаг гэрэл гэгээ унтарч байгаа юм шиг л болж байгаа биз дээ. Ийм үгнүүдийг өөртөө дахиж хэзээ ч битгий хэлээрэй.
За тэгвэл одоо нүдээ аньж байгаад дараахь үгнүүдийг өөртөө хэлээд үзээрэй.
– Би чадна
– Хэн ч намайг зогсоож чадахгүй
– Би хэлсэн амандаа заавал хүрнэ
– Би чадахгүй бол өөр хэн чадах юм бэ
– Би энэ мөчөөс хойш өөрийгөө маш чадалтай амжилттай хүн болгож хөгжүүлэхээр шийдэж байна.
– Би үзүүлээд өгнөө.
– Би чадна.
Ингэж хэлэхэд танд ямар сэтгэгдэл төрж байна вэ? Сайхан сэтгэгдэл төрж, эрч хүч өгч байгаа биз дээ. Тиймээс өдөр болгон өөртөө хэлж өөрийгөө эрч хүчээр цэнэглэж байгаарай. Та өөрийгөө үргэлж эрч хүчээр цэнэглэснээр өөрийнхөө ертөнцийг бүр мөсөн өөрчлөх болно. - Хүмүүс ихэнхдээ чадаагүйгээ дурьдаж харамсдаг. Юу болж бүтээгүйгээ ярьж өөрийгөө зовоодог. Тэгвэл та чадсандаа өөрийгөө урамшуулаарай. Болж бүтсэн жижигхэн зүйлийг ч алгасалгүй бодож түүнээсээ урам аваарай. Бид юун дээр анхаарлаа төвлөрүүлнэ тэр зүйл улам томордог гэдгийг өөртөө сануулж байгаад хийх цагтаа хийж чадсандаа, тууштай байж чадаж байгаадаа өөрийгөө урамшуулаарай. Урамшуулна гэдэг нь заавал өөртөө бэлэг авах эсвэл тэмдэглэнэ гэсэн үг биш. Хийж чадахад ямар мэдрэмж төрж байна вэ гэдгээ мэдрээд, чадсан шүү гэдгээ өөртөө хэлэхэд л хангалттай гэж би бодож байна.
- Эцэст нь нэмж хэлэхэд ямар нэгэн юм хийхдээ маш энгийн байлга. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл өөрт байгаа юмаа ашиглаж, байгаа газраасаа эхлүүлж хийх. Жишээлбэл: Дасгал хийхийн тулд фитнес клубт явах шаардлагагүй, шинэ хувцас авах шаардлагагүй, чадахгүй дасгалаа хийх хэрэггүй. Байгаа хувцсаа өмсөөд, гэртээ үндсэн 3-5 дасгалыг давтаж хийхээс эхлэх жишээтэй. Юмыг төвөгтэй болгоод хэрэггүй. Ухаад нэмээд байх хэрэггүй. Ухаж нэмснээр хийхгүй байх шалтгуудыг шинээр гаргаж ирнэ.
Магадгүй та энэ 7 зүйлийг уншаад сэтгэл санаа хөнгөрч бүх юм амархан болсон мэт сэтгэгдэл төрж магадгүй. Яагаад гэвэл бүх юм маш энгийн гэдгийг мэдсэн учраас тэр. Тиймээс үүнийг өөртөө үргэлж сануулах хэрэгтэй. Тиймээс одоо та юу шууд хийх гэж байна вэ? Түүнийгээ шууд босоод хийгээрэй.
Ихэнх хүмүүс шууд хийхийн оронд дараагийн өөр юмруу ороод цааш нь юмыг хүндрүүлдэг гэдгийг мартаж болохгүй.
Танд амжилт хүсье.
ХҮС. ХИЙ. ХҮР.
Ука Төмөр