Өөрийгөө өөрчлөх 3 арга
Та яагаад өөрийгөө өөрчлөх ёстой вэ?
Энэ асуултанд хариулахаас өмнө та өөрөөсөө доорх асуултуудыг асуугаад, түүндээ хариулаад үзээрэй.
Таны өнөөдрийн амьдрал, одоогийн нөхцөл байдал ямар байна вэ?
Та эрүүл чийрэг байна уу?
Танд эрч хүч байна уу?
Та өөрөө өөртөө мөрдөх дүрэм журам гаргасан уу? Жишээлбэл: өдөрт тэдэн цаг ТВ үзэх, идэж буй хоол ундаа хянах, архи тамхийг хязгаарлах, өдөрт зарцуулж буй мөнгөө тооцох гэх мэт.
Таны санхүүгийн байдал аюулгүй байна уу?
Танд өөрийн гэсэн нэр хүнд байна уу?
Та өөрөөрөө байж чадаж байна уу?
Та өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч байна уу?
Эхнэр, нөхөр, хүүхэд, эгч дүү, эцэг эхтэйгээ харьцах харьцаа хэр байна вэ?
Та бусдад болон өөртөө худлаа ярьж байна уу?
Та бусдаас болон өөрөөсөө юм нууж байна уу?
Та хувийн амжилт гаргаж байна уу?
Та хэлсэн амандаа хүрч байна уу?
Хэрвээ эдгээр асуултад хариулсан хариу танд огт таалагдахгүй байвал
та гарцаагүй өөрийгөө өөрчлөх хэрэгтэй юм байна гэж бодох хэрэгтэй.
Зарим хүмүүс өөрчлөлтөнд дургүй байдаг. Өөрийгөө өөрчлөхийн оронд өөрөөрөө байсан нь дээр гэж боддог.
Миний бодлоор өөрийгөө өөрчлөнө гэдэг нь өөрийнхөө хамгийн сайныг олж авахыг хэлдэг, өөрийгөө өөрчлөнө гэдэг нь өөрийгөө таньж мэдэхийг хэлдэг гэж би боддог.
Өөрийгөө шууд өөрчилж эхлэхэд ердөө 3 арга бий. Би энэ 3 аргын 3 дахийг нь хийж эхэлснээр амьдралаа бүр мөсөн өөрчилж эхэлсэн.
Юуны түрүүнд энэ 3 аргыг мэдэхээс өмнө та өдөрт хийдэг үйлдлүүдээ нэгд нэгэнгүй бүртгээд үзээрэй. Тэгээд ямар үйлдэл таныг амжилтруу чиглүүлж байна вэ? Ямар үйлдэл амжилтаас хойш татаж байна вэ гэдгийг эхлээд мэдчих.
Эхний арга: Амжилтанд хүргэх үйлдлээ илүү их хийж эхлэх.
Жишээлбэл: та мэргэжил дээшлүүлэх ном долоо хоногт 2 удаа уншдаг бол тоогоо нэмж өдөр болгон 30 минутаас 1 цаг уншдаг болох жишээтэй. Сургалт семинарт хааяа хамрагддаг байсан бол бас тоогий нь нэмэх жишээтэй.
Дараагийн арга: Амжилтаас хойш татаж буй үйлдлээ багасгаж эсвэл бүрмөсөн хийхээ зогсоох.
Жишээлбэл: ТВ их үздэг бол түүнийгээ зогсоох, утсаар дэмий ярьдаг бол түүнийгээ багасгах, интернэтээр дэмий сэлгүүцдэг бол бас хасах жишээтэй.
Хэрвээ та өдөрт хийдэг юмнуудаа бүртгэж үзээд амжилтанд хүргэх ямар нэгэн онцын зүйл хийдэггүй бол сүүлчийн арга танд туслана.
Сүүлчийн арга: Өмнө нь огт хийж байгаагүй, цоо шинэ юм хийж эхлэх.
Санаж яв: Урьд өмнө хэзээ ч хүрч үзээгүй амжилтанд хүрэхийн тулд урьд өмнө нь хийж үзээгүйгээ хийж үзэх хэрэгтэй болно.
Жишээлбэл: Шинэ шинэ чадвар эзэмших, шинэ юм сурч мэдэх, шинэ хүмүүстэй танилцах, өөрийгөө хөгжүүлэх ном уншиж эхлэх, амжилтанд хүргэх шинэ дадал эзэмшиж эхлэх, сургалт семинарт явж эхлэх гэх мэт.
Энэ арга надад маш их тусалсан. Би анх өөрийгөө бүртгэж үзэхэд өөрийгөө амжилтанд хүргэх юм огт хийдэггүйгээ, зүгээр л ойр зуурын юм хийж өдрийг өнгөрөөдөг байснаа мэдсэн. Өдөр болгон ажилдаа явах, тв үзэх, дуу сонсох, хүмүүстэй дэмий утсаар ярих, дэлгүүр хэсэх зэрэг дэмий өнгөрөөдөг байснаа мэдсэн. Тиймээс би өмнө нь огт хийж үзээгүйгээ хийх шийдвэр гаргасан. Энэ нь долоо хоногт 3 удаа биеийн тамираар хичээллэх, өдөр болгон 30 минут өөрийгөө хөгжүүлэх ном унших шийдвэр гаргасан. Ингэж эхэлснээр миний амьдрал гайхамшигтайгаар өөрчлөгдөж эхэлсэн юм.
За тэгэхээр өнөөдөр өөрийнхөө өдөр тутмын үйлдлүүдийг бүртгэж үзээд юуг илүү хийж эхлэх вэ? Юуг хийхээ багасгаж, юуг бүрмөсөн хийхээ болих вэ? Бас юуг шинээр хийж эхлэх вэ? гэдэг тухай бодоод сэтгэгдлээ доор надтай хуваалцаарай.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©УКА ТӨМӨР