Яаж хэцүүг амархан болгох вэ?
Яаж хэцүүг амархан болгох вэ? Хэрвээ та хэцүүтэй нүүр тулаад байгаа бол энэ бичлэгийг үргэлжлүүлэн уншаарай.
Олон хүн амжилтанд хүрэх юмсан гэж боддог боловч амжилтынхаа төлөө ажиллахыг хүсдэггүй. Эрүүл чийрэг биетэй болох юмсан гэж боддог боловч дасгал хийж, зөв хооллодоггүй. Эхлүүлснээ дуусгах хүсэлтэй ч дуусгах сахилга батыг өөртөө суулгадаггүй.
Яагаад гэвэл амжилтынхаа төлөө ажиллах, дасгал хийж, зөв холлох, сахилга баттай болох зэрэг нь хэцүү байдаг.
Хүн бүр тэр хэцүүтэй нүүр тулж, зовохыг хүсдэггүй. Гэвч хожим хийгээгүйгээс болж зовдог.
Харин амжилттай хүмүүс хэцүү ч гэсэн хийж, хэцүүгээ давж хүссэн амжилтаа гаргаж чаддаг.
Амьдралд 2 янзын хэцүү байдаг.
1. Өөртөө сахилга бат суулгаж хийх юмаа хийх хэцүү
2. Хийгээгүйдээ хожим харамсах хэцүү.
Жишээлбэл: Олон хүн эрүүл чийрэг байх шийдвэр гаргадаг боловч дасгал хийж, ногоо идэх дээрээ тулахад түүнийгээ хийдэггүй. Яагаад гэвэл хийснээс хийхгүй байх нь амархан санагддаг учраас л тэр.
Тэгээд өдөрт 30 -хан минут зарцуулж чадаагүйгээс болоод бүтэн өдөржингөө хийсэнгүй гэж өөрсдийгөө зэмлэнэ, хийсэн бол гэж харамсана. Үүнийгээ олон дахин давтсаар хийгээгүйн зовлонгоо хожим үүрдэг.
Харин шийдвэрийнхээ дагуу дасгалаа хийж, ногоогоо идэж чадсан хүн тэр өдөржингөө сэтгэл хангалуун байхаас гадна өөртөө сахилга батыг суулгаж, гарсан үр дүнгээсээ урамшдаг. Үүнийгээ олон дахин давтснаар амжилттай хүн болдог.
Хэцүүг амархан болгоход олон дахин давтаж хийнэ. Олон дахин давтаж хийнэ гэдэгт хамаг ид шид байгаа гэдгийг ойлгоорой. Өнөөдөр хэцүү ч хий, маргааш хэцүү ч хий, нөгөөдөр хэцүү ч хий.
….тэгээд энэ хэцүү чинь хэзээ амархан болох юм бэ гэж бодоод шантарсан ч хий…
Нэг л мэдэхэд хэцүү амархан болсныг та өөрөө мэдрэх болно.
Яаж хэцүүг амархан болгох вэ? -Миний туршлагаас
Би анх савлуурт суниаж сурах гэж хичээж байхад ямар хэцүү байсан гэж санана аа. Тэгээд би бүүр асууж байсан, хэзээ суниадаг болох юм бэ, яаж суниадаг болох вэ гэхэд, хариулт нь юу байсан гэж санананаа суниаж сурах хүсэлтэй бол суниа, суниа, суниаж суртлаа суниа. Ийм хариулт миний урмыг бүүр хугалж байсан ч би өдөр болгон суниасаар л байсан. Миний насан дээр суниаж сурна гэдэг худлаа юм байна гэж бодсон ч суниаж байсан, дэндүү өөрийгөө шахаад гэмтэл авчихвал бүүр долоон доор болбол яана аа гэж бодож байсан ч суниасаар л байсан, за за би ямар тамирчин биш дээ, би ямар эрэгтэй хүн биш дээ гэж бодож байсан ч суниасаар л байсан. Тэгээд нэг л мэдэхэд суниадаг болсон байсан. Эргэж хараад, яаж суниаж сурав гэсэн чинь нээрээ л олон дахин давтаж хийснээр суниаж сурсан байсан. Яаж суниаж сурах вэ гэвэл суниаж суртлдаа олон дахин давтаж суниах хэрэгтэй юм байна лээ.
Үнэхээр олон дахин давтаж хийснээр хүн сурна, туршлагажина, сайжирна, мэргэжлийн болно, зорилгодоо хүрнэ, амжилтанд хүрнэ, хүссэнээ биелүүлнэ, мундаг болно гээд л урсгаад байвал дуусахгүй юм шиг байна.
Тийм болохоор хэцүүг амархан болтол нь давтаж хийх хэрэгтэй юм шүү гэдгийг өнөөдөр сануулах хүсэлтэй байна.
За тэгэхээр:
Та аль хэцүүтэй нүүр тулмаар байна вэ?
Хийх хэцүүтэй нүүр тулмаар байна уу эсвэл хийгээгүйдээ хожим харамсах хэцүүтэй нүүр тулмаар байна уу?
Хэрвээ та өнөөдөр хийх хэцүүтэй нүүр тулахаар шийдсэн бол та түүнийхээ дагуу юу хийж байна вэ? Доор бичээрэй.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТАРНИ
УКА ТӨМӨР