Чи том болоод ямар хүн болмоор байна вэ?
Чи том болоод ямар хүн болмоор байна вэ?
Энэ бичлэг дээр чи хэн болмоор байна вэ, тэр болохыг хүсч байгаа хүн болохын тулд юу хийх ёстой вэ гэдэг 4 алхмын тухай бичлээ.
Бага байхад хүн бүр л ингэж асуудаг байсан. Надаас ийм асуулт асуух болгонд нь би өөр өөр хариулт өгдөг байсныг санаж байна. Хамгийн эхлээд туг барьдаг хүн болмоор байна гэж хариулж байснаа одоо болтол маш сайн санаж байна. Яагаад ингэж хариулсан бэ гэвэл нэг удаа “радуга” гээд орос хэлний ном үзэж байхад тэр номонд байшингийн дээвэр дээр цагаан туг барьсан хүний зураг байсан. Тухайн үед уншиж чаддаггүй байсан болохоор ямар учиртайгий нь ч мэдээгүй. Харин надад ийм санаа төрж байсан юм.
Зуслангийн дэлгүүрт сүү ирэхээр цагаан туг, мах ирэхээр улаан туг тавьдаг байсан. Манай эмээ сүү ирж үү, мах ирж үү хараад ир гэж их явуулдаг байсан. Байшингийн гадаанаас харагддаггүй байсан болохоор дэлгүүр лүү гүйж очоод хардаг байснаа санаж байна. Тэгээд тэр үед миний санаанд хэрвээ дэлгүүрийн дээвэр дээр том туг бариад зогсвол хүн бүр амархан харах юм байна. Би энэ цагаан улаан тугийг барьдаг хүн болж болох юм байна гэдэг бодол төрсөн болохоор цагаан туг барьдаг хүн болно гэж хариулдаг байсан. Инээдтэй байгаа биз. Дараа нь сансрын нисгэгч, дараа нь оёдолчин, дараа нь эмийн санч гээд л мөн их хувирсан даа.
Чи том болоод ямар хүн болмоор байна вэ? гэдэг асуултыг чи тухтай сууж байгаад бодож байсан удаа бий юу?
Хэрвээ тэр үед хэн нэгэн надад “Чи том болоод ямар ч хүн болох хүсэлтэй байна хамаагүй чи болж чадна. Хамгийн гол нь ямар хүн болмоор байна вэ гэдгээ шийдээд, түүнийхээ төлөө өдөр бүр оюун ухаан, бие махбодъ, сэтгэлээ зориулах юм бол нэг л өдөр болсон байх болно“ гэдгийг хэлсэн бол өнөөдөр арай өөр хүн байх байсан ч юм билүү гэж бодогдох үе байсан шүү.
Тийм болохоор би чамд хэлмээр байна “Чи ямар ч хүн болох хүсэлтэй байна хамаагүй чи болж чадна. Хамгийг гол нь ямар хүн болмоор байна вэ гэдгээ шийдэх хэрэгтэй. Тэгээд тэр хүнийхээ төлөө оюун ухаан, сэтгэлээ, бүхнээ зориулах нь зүйтэй.”
Тэгэхээр хүсэж байгаа тэр хүн болохын тулд яах ёстой вэ гэдэг 4 аргыг өнөөдрийнхөө бичлэг дээр орууллаа.
- Жишээлбэл чи ёогийн багш болмоор байлаа гэж бодьё. Тэгвэл ёогтой холбоотой бүх л номыг уншиж, ёогоор өөрөө хичээллэж, ёогийг судалж, ёогийн багш нартай уулзаж суралцана гэсэн үг. Өөрөөр хэлбэл ёогийг бүх л талаас нь судалж, өөрөө ёогоор хичээллэж түүндээ мэргэшиж, мэргэжлийн болох хэрэгтэй.
- Ёогоор хэн хамгийн сайн байна вэ? Ёогоор хэн амжилттай байна вэ? Тэдгээр хүмүүсүүдийг судлах. Очиж уулзаад ярилцлага авч болно. Гаргасан номыг нь уншиж болно. Хичээлд нь сууж болно. Тэд юу хийснээр ийм амжилтанд хүрэв? Тэд нар шиг амжилттай болохын тулд юу юу хийх хэрэгтэй вэ гэдгийг бас судлах. Тэгээд тэдний хийж байсан бүхнээс суралцаж хийх. Энэ арга маш хэрэгтэй арга байгаа юм. Бодит хүнээс суралцана гэдэг үнэхээр сайхан.
- Судлах явцдаа бас хэрэгжүүлээд явах хэрэгтэй. Мэдээж тэр амжилттай байгаа хүмүүс гэв гэнэт нэг л өдрийн дотор амжилттай болоогүй нь ойлгомжтой. Тийм болохоор өөрийгөө тэдэнтэй бүү харьцуул. Төгс биш ч гэсэн, түүхий ч гэсэн хамаагүй, өөрийгөө голохгүй эхлүүлээд, хийгээд явах нь маш чухал. Явцын дунд өөрийгөө сайжруулах, алдаагаа засах гэх мэтийг хийж болно. Хугацаа битгий алдаарай. Өнөөдөр эхлүүлээрэй.
- Амжилтанд хүрэн хүртлээ битгий зогсоорой. Гаднаас орж ирэх сөрөг мэдээллийг хааж байгаад, өөрөөс гарч ирэх сөрөг бодлынхоо баадуйг суллаж байгаад, өөрийгөө шахаж байгаад хийгээрэй.
Хэрвээ хийх гэж байгаа зүйл чинь хэцүү, бэрхшээлтэй байвал үүнийг санаарай.
Сул дорой хүнд юу амархан санагдана түүнийгээ хийдэг болохоор амьдрал нь хэцүү байдаг.
Хэцүү юмны ард гарснаар амжилтанд хүрдэг, амьдрал амархан болдог.
Чи том болоод ямар хүн болмоор байна вэ? Чи ямар хүн болмоор байна вэ?
Чи энэ тухай юу гэж бодож байна вэ? Чиний туршлага юу вэ? Доор сэтгэгдлээ бичээд үлдээгээрэй. Таалагдсан бол цааш нь шэйрлээрэй.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ЧИНИЙ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР