Цээрлэх үгс
Цээрлэх үгс ➔ “тэгэх юмсан, ингэх юмсан”, “тэгмээр л байна, ингэмээр л байна”.
Эдгээр үгнүүдийг хэрэглэснээр бид өөрсдийн үнэлэмжийг тодорхой хэмжээгээр бууруулж, мөн өөрсдийгөө дутуу дульмаг хангалтгүй гэж бодоход хүргэдэг. Яагаад гэвэл эдгээр үгнүүд араасаа үргэлж “даан ч” гэдэг үгийг дагуулж байдаг.
Жишээлбэл: Би биеийн тамираар хичээллэмээр л байна даан ч зав алга. Би өөрийгөө өөрчилмөөр л байна даан ч яаж гэдгээ мэдэхгүй байна. Амьдралаа сайжруулах юмсан даан ч туслаад дэмжээд өгөх хүн байхгүй байна. г.м. Тиймээс эдгээр үгнүүд нь ихэвчлэн горьдлого, найдлага болж байдаг учраас биелэгдэх нь маш ховор.
Бид зайлшгүй хийх ёстой ажлын жагсаалтаа гаргахдаа “тэгэх юмсан, ингэх юмсан” гэж боддог зүйлүүдээ бичдэггүй. Харин зөвхөн хийх ёстой гэж үзэж байгаа ажлуудаа оруулдаг. Жишээлбэл: Би биеийн тамираар өдөр болгон хичээллэх ёстой гэж хэлсэн тохиолдолд бид биеийн тамираар хичээллэх тэр цагийг цагийн хуваарьдаа оруулж бичдэг. Би өөрчлөгдөх ёстой, амьдралаа сайжруулах ёстой гэж бодонгуут бид хариуцлагыг шууд гартаа авч эхэлдэг. Тийм учраас энэхүү цээрлэх үг болох “тэгэх юмсан, ингэх юмсан”, тэгмээр л байна, ингэмээр л байна” гэдэг үгнүүдийг “тэгэх ёстой, ингэх ёстой” гэдэг үгээр орлуулах нь зүйтэй.
Мөн нэмж хэлэхэд яагаад “тэгэх юмсан, ингэх юмсан” гэж бодож байна, энэ үгний ард талд та өөрөө байна уу эсвэл хэн нэгэн байна уу гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлж үзэхэд заримдаа бидний эцэг эхийн, найз нөхдийн, хажуу айлын ч юмуу эсвэл сэтгүүл дээрээс олж уншсан мэдээлэл, эсвэл бусдын санал бодол г.м. дуу хоолойнууд байхыг олж мэддэг.
1. Эхлээд “тэгэх юмсан, ингэх юмсан” гэж боддог зүйлүүдээ бүгдийг жагсааж бич.
2. Хариулт бүр дээр “яагаад” хийхийг хүсч байна вэ гэдгийг өөрөөсөө асуу.
– Хэн нэгэн танд тэгвэл дээр, ингэвэл дээр, ингэ тэг гэж хэлсэн болохоор та тэгэх юмсан, ингэх юмсан гэж бодоод байна уу?
– Бусад хүмүүс тийм юм хийгээд байгаа учраас та тэгэх юмсан гэж бодоод байна уу?
– Эсвэл тэгж, ингэснээр та мөнгөтэй болох гээд байгаа ч юм шиг, тэгж ингэснээр та хэн нэгэн болох гээд эсвэл хүмүүс таныг арай ондоо нүдээр харах гээд байгаа юм шиг санагдсан учраас тэгэх юмсан гэж бодоод байна уу?
3. Яг хэний дуу хоолой байна вэ? Заримдаа бидний жинхэнэ өөрсдийн дуу хоолой биш байдаг учраас бид хийхгүй, хэрэгжүүлэхгүй яваад, түүндээ шаналснаар өөрийгөө хангалтгүйд тооцож, өөрийн үнэлэмжийг бууруулж байдаг. Тиймээс “тэгэх юмсан, ингэх юмсан” гэдэг үгний ар талд үнэхээр таны өөрийн чин сэтгэлээс гарч буй дуу хоолой байгаа бол өнөөдрөөс эхлээд “ёстой” гэдэг үгээр орлуулахыг санал болгож байна.
Энэ нь маш жижигхэн энгийн арга боловч асар их өөрчлөлтийг үзүүлж чаддаг.
Үг хүчтэй гэдгийг бид бүгд мэднэ, тиймээс өөрт хэрэгтэй, өөрт хүч өгсөн үгнүүдийг сонгоцгооё!
[powerpress]
Амжилт хүсье!
© Ука Төмөр
goe bichleg bn uneheer tiim sanagdaj bn …….tand amjilt………..
Номин, видео үзэж сонирхсонд баярлалаа! Амжилт хүсье!