Мэдлэгийн түвшин, амьдралын түвшин 2 ижилхэн байна уу?
Мэдлэгийн түвшин, амьдралын түвшин 2 ижилхэн байна уу?
Би өмнө нь бодохдоо олон талын мэдлэгтэй хүн ухаантай, мундаг, амжилттай хүн гэж боддог байсан. Хүмүүсийг харж байхад ч гэсэн сургуулиа төгсөөд олж авсан мэдлэг нь хангалтгүй санагдахаараа нөгөө рүү ордог. Зарим хүмүүс бүүр 3-4 сургууль ч төгссөн байдаг. Хэрвээ олж авсан мэдлэгээр амьдрал өөрчлөгддөг байсан бол 1-ээс дээш сургууль төгссөн хүн бүрийн амьдрал маш сайхан байх байсан болов уу. Гэхдээ би тэгж бодохгүй байна.
Зүгээр л мэддэг хүн, мэддэгээ өөрөө ашигладаг хүн 2-ын хооронд том ялгаа бий.
Жишээлбэл: Олон сургууль төгссөн ч гэсэн яах учраа мэдэхгүй явж байгаа, эсвэл огт сургууль төгсөөгүй хүнтэй адилхан цалин аваад явж байгаа хүн зөндөө л байдаг. Олон сургууль төгсчихөөд огт сургууль төгсөөгүй хүний доор ажилладаг хүн ч бас байдаг.
Бас эмч нар эрүүл холло, тамхинаас гар, дасгал хий гэж хэлдэгээрээ тэд дэлхий дээр хамгийн их эрүүл чийрэг, эрүүл амьдралаар амьдардаг хүн байхаар боловч тэд бүгд тэгдэггүй. Би илүү жинтэй эмч зөндөө л харж байсан. Тамхи татдаг эмч нар ч их байдаг.
Бас нэг жишээ хэлэхэд миний нэг танилын эгч гэр бүлийн асуудлыг шийдэж, зөвлөгөө өгдөг хүн байсан. Гэтэл өөрийнх нь амьдрал ямар байсан бэ гэвэл нөхрөөсөө салж байгаа, хар тамхинд орсон, хүүхдүүд нь өөрийг нь тоохоон больсон байсан. Өөрөө ийм байж яаж хүмүүст зөвлөгөө өгдөг юм болоо гэж би гайхдаг байсан. Гэх мэт жишээнүүд их байдаг.
Хүн мэдлэг эзэмшдэг ч тэр мэдлэгээ үйлдэлдээ тэр болгон шингээж өгдөггүй.
Харин чиний хувьд ямар байна вэ? Чиний мэдлэгийн түвшин, амьдралын түвшин 2 ижилхэн байна уу?
Жишээлбэл:
Чи амжилтанд яаж хүрэх вэ тухай мэддэг учраас чи амжилтанд хүрч байгаа эсвэл чи мэддэг ч мэдлэгээ үйлдэлдээ шингээж өгөөгүй учраас амжилтанд хүрч чадахгүй байгаа.
Жин яаж хасах тухай мэддэг учраас чи турж байгаа эсвэл чи дасгал хийх хэрэгтэй, гүйх хэрэгтэй, эрүүл зөв хооллох хэрэгтэй гэдгийг мэддэг ч хийхгүй тарган хэвээрээ байгаа.
Хувийн санхүүгээ сайжруулах тухай мэддэг учраас банкинд байгаа мөнгө чинь өсөж байгаа. Эсвэл мэддэг ч банкиндаа мөнгөгүй байгаа.
Замаа мэддэг хүн, мэддэг замаараа явдаг хүн 2-ын хооронд том ялгаа бий.
Тийм болохоор өнөөдөр амьдралынхаа талбар бүрийг авч үзээд түүнийгээ дээшлүүлэх тухай юу юу мэдэж байна вэ гэдгээ бодоод, бичээд үзээрэй. Хэр их юм мэдэж байна вэ? Мэдлэгийн түвшин чинь амьдралын түвшинтэй чинь тохирч байна уу? гэдгийг гаргаарай. Тэгээд хэрхэн гарсан тухайгаа надтай доор хуваалцаарай.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ЧИНИЙ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР