Муу зуршлууд
Хамгийн муу 7 зуршил
Хэрвээ та өөрийгөө сөргөөр харж байгаа бол таны зөв. Та сөрөг хүн мөн. Би ерөөсөө маргахгүй. Яагаад гэвэл та өөрийгөө маш сайн мэдэж байгаа. Хэрвээ хэн нэгэн хүн танд муу зуршлууд -аа хэлээд, “би ийм, бас тийм” гээд хэлж байгаа бол түүнд нь итгээрэй. Яагаад гэвэл тэр хүн өөрийгөө маш сайн мэдэж байгаа. “Чи тийм биш ээ” гээд засаад ч хэрэггүй. Ер нь хүн өөрийгөө маш сайн мэддэг.
Та өөрийгөө юу гэж бодно та тийм л хүн мөн.
Би энд юу хэлэх гээд байна вэ гэвэл хэрвээ та амжилтанд хүрэх гээд хүрч чадахгүй байгаа бол та яагаад хүрч чадахгүй байгаагаа ер нь бол дотроо сайн мэдэж байгаа. Өөрөөр хэлбэл та муу зуршлууд -аа сайн мэдэж байгаа. Магадгүй та түүнийгээ нуух гээд үгүй ээ би үнэхээр мэдэхгүй байна гэж байгаа бол би энд нуугдаад байгаа амжилтгүй хүмүүст байдаг муу зуршлууд -аас орууллаа.
Хэрвээ танд доорх муу зуршлууд -ын аль нь ч байхгүй бол маш сайн хэрэг. Би таны өмнөөс баяртай байна.
Муу зуршлууд буюу хамгийн муу 7 зуршил
- Амжилтгүй хүмүүсийн бодол, яриа, үйлдэл нь сөрөг байдаг. Тэд ихэвчлэн болж бүтэхгүй зүйл дээр анхаарлаа төвлөрүүлдэг. Боломжоос илүү бэрхшээлийг олж хардаг. Халуун өдөр халууцаж үхлээ гэнэ, хүйтэн өдөр хөлдөж үхлээ гэнэ, амархан юмыг хэцүү гэнэ, хэцүүг бүүр хэцүү гэнэ. Тэд үргэлж гомдоллоно, бүх юм тэдний эсрэг байгаа юм шиг аашлана. Дор нь шийдчих юмыг томсгож бөөн юм болгоно. Жижигхэн алдаанаас болоод шууд урам нь хугарч хийхээ болино. Энэ бүгдээсээ болоод тэд урагшилж, амжилтанд хүрч чаддаггүй.
- Тэд цагаа үрэн таран хийдэг.
Цагаа үрэн таран хийж байгаа хүмүүс амьдралаа үрэн таран хийж байна гэсэн үг.
Тэд цагаа юунд зарцуулахаа мэддэггүй. Идэж, ууж, наргихаа урьтал болгодог. ТВ их үзэж, интернэтээр дэмий сэлгүүцдэг. Амьдралаа болон өөрийгөө яаж сайжруулах тухай боддоггүй. Хэдий бодсон ч, арга хэмжээ авахын оронд, нээх муудчихсан юм алга гэж өөрсдийгөө тайтгаруулдаг.
- Тэд юмыг нухацтай бодож чаддаггүй. Сэтгэлийн хөдөлгөөнөөр шийдвэрийг гаргаж, үйлдэл хийдэг. Тухайн үеийнхээ сэтгэлийн ханамжийг дагадаг. Өөрсдийгөө захирч чаддаггүй. Үүнээс болоод сөрөг үр дүнд хүрдэг. Жишээлбэл хамгааллалтгүй секс хийх, хэрэг төвөгт орооцолдох гэх мэт.
- Тэд хоосон ярих дуртай. Бусдын анхаарлыг татахын тулд эсвэл бусдаас илүү гэдгээ батлахын тулд тэд яриагаараа бусдыг давж ярих дуртай байдаг. Шаардлагатай бол давуулан худлаа ч ярьж чадна. Тэд сонсох дургүй. Тэдэнд мэддэггүй юм гэж байхгүй. Тэд бүгдийг мэддэг. Буруугаа хүлээх дургүй. Яагаад гэвэл өөрсдийгөө үргэлж “зөв” гэж боддог. Тэд бусдын саналыг хүлээж авах дургүй байдаг. Хүлээгээд авчихвал бусдын дор орох гээд байгаа юм шиг санагддаг.
Хүн ярьснаар шинэ юм сурдаггүй. Учир нь хүн мэддэгээ л ярьдаг. Харин сонссоноор шинэ юм сурах боломжтой.
- Тэд бусдыг доош нь хийх дуртай. Тэд амжилттай яваа хүмүүст атаархдаг. Амжилттай хүмүүсээс суралцахын оронд тэднийг муу хэлдэг. Худал цуу яриа тараадаг. Тэд амжилттай хүмүүст муу муухайг хүснэ. Тэд унавал тэгнээ тэгнэ гээд дотроо баярладаг. Тэгчээсэй гэж муу юм нууцхан хүснэ. Тэд амжилттай яваа найз нөхөд болон бусдаас тусламж гуйх дургүй байдаг. Тусламж гэдэг нь яаж амжилтанд хүрсэн тухайг нь мэдэж авч, түүнээс нь суралцаж, зааварчилгаа авахыг хэлж байгаа юм. Тэд үүнийг хүсдэггүй. Учир нь тусламж гуйснаар тэдний доор орчихно гэж боддог. Тэд “муйхар” бардам зантай байдаг.
- Тэд хурдан бууж өгдөг. Амжилттай хүмүүс алдвал түүнийгээ амжилтруу ойртох алхам гэж үздэг. Харин амжилтгүй хүмүүс алдвал шууд бууж өгдөг. Амжилтгүй хүмүүс ямар нэг юмыг маш эрч хүчтэй эхлүүлж чаддаг. Гэвч бэрхшээлтэй учрахаараа хурдан сонирхолоо алддаг. Тэгээд өөр шинэ юм хайдаг. Өөөрөөр хэлбэл бэрхшээлгүй амархан амжилтанд хүрэх аргыг хайдаг. Тэгээд үүнийгээ дахин дахин давтдаг. Тэд юманд тууштай байж чаддаггүй.
- Тэд товч амархан замыг хайдаг. Хэрвээ 2 зам байлаа гэж бодоход тэд саадгүй, саад таарсан ч тойроод гарах өрөөтэй өргөн замыг сонгодог. Гэвч энэ өргөн замын төгсгөлд юу ч байхгүй. Харин саад бэрхшээл ихтэй, саад бэрхшээлийг даваад гарахаас өөр аргагүй нарийнхан замын төгсгөлд амжилт байдаг гэдгийг тэд мэддэггүй. Мэдсэн ч тэд хөлсөө асгаруулж, зовж шаналахыг хүсдэггүй. Өнгөцхөн харахад тэд амархан, өргөн, саад бэрхшээлгүй замыг сонгоод, зовохгүй жаргаад байгаа юм шиг боловч тэд дотроо зовж шаналсаар байдаг.
Харин амжилттай хүмүүс эсрэгээр тэд зовлон ихтэй замыг сонгож байгаа ч гэсэн тэд хүсэл мөрөөдлөө дагаж, түүнийгээ биелүүлж аз жаргалтай, сэтгэл ханамжтай амьдралаар амьдардаг.
За тэгэхээр муу зуршлууд -ад:
- Бодол яриа үйлдэл нь сөрөг байдаг
- Цагаа үнэлж чаддаггүй
- Нухацтай бодож чаддаггүй
- Хоосон ярих дуртай
- Бусдыг доош нь хийдэг
- Хурдан бууж өгдөг
- Амархан зам хайдаг
Хэрвээ та амжилтанд хүрэх гээд хүрч чадахгүй байгаа бол та яагаад хүрч чадахгүй байгаагаа ер нь бол дотроо сайн мэдэж байгаа гэж би бодож байна. Тэгэхээр дээрх 7 муу зуршил -ын аль нэг нь танд байна уу? Хэрвээ байгаа бол өнөөдрөөс эерэг болгон засаарай. Мэдээж нэг хоногийн дотор бүх муу зуршлаа алга болгож чадахгүй болохоор өөртөө маш тэвчээртэй хандаж нэг нэгээр нь, бага багаар устгаарай. Үгүй бол амжидлтанд хүрч чадахгүй шүү.
Хэрвээ нууц биш бол муу зуршил-уудаасаа надтай доор хуваалцаж, сэтгэгдлээ үлдээгээрэй. Энэ бичлэг таалагдсан бол цааш нь найз нөхөддөө дамжуулаарай.
ХҮС. ХИЙ. ХҮР.
УКА ТӨМӨР
Хэрвээ та иймэрхүү бичлэгүүдийг цаашид имэйлээрээ хүлээн авах хүсэлтэй бол доор имэйл хаягаа хийж бүртгүүлээрэй.