Амжилтанд хүргэх дадлуудыг яаж эзэмших вэ
Бид эхлээд амжилтын дадлыг өөртөө суулгана. Тэр суулгасан дадал биднийг амжилтанд хүргэнэ.
Амжилттай, амжилтгүй хоёр хүний ялгаа юунд байна вэ гэвэл амжилттай хүн амжилтанд хүргэх дадлуудыг өөртөө суулгасан байдаг.
Амжилтанд хүргэх дадлуудыг яаж эзэмших вэ
- Амжилтын ямар дадал эзэмшихээ тодорхой болгоно. Жишээлбэл: Өглөө эрт 5 цагт босох, өдөр болгон хийх ёстой юмаа хийх, өдөр болгон бясалгал хийх, долоо хоногт гурван удаа нэг цаг гучин минут дасгал хийх гэх мэт.
- Тодорхой болгосон бол тэр дадлыг эзэмших шийдвэрээ гаргана.
- Шийдсэн тохиолдолд түүнийгээ өдөр бүр хийж.хэрэгжүүлнэ. Өдөр бүр хэрэгжүүлж, хийснээр тэр дадлыг эзэмшинэ. Үгүй бол үгүй. Жишээлбэл өглөө эрт 5 цагт босох дадалтай болохыг хүсвэл өдөр болгон 5 цагт босож байж энэ дадлыг эзэмшинэ.
Гэхдээ яаж өдөр болгон өглөө эрт босох вэ? Яаж өдөр болгон хийх ёстойгоо хийх вэ?
Нэгдүгээрт Өглөө эрт босохоо өөртөө хэлнэ. Юу хийхээ өөртөө хэлнэ.
Хоёрдугаарт Өглөө эрт босох сэрүүлгээ тохируулна. Хийх юмаа бэлдэж, цагийн хуваарьтаа оруулна.
Гуравдугаарт Сэрүүлэг дуугарахад өөрийгөө босгох. Хуваарийнхаа дагуу хийх. ХИЙХ.
Яг энэ үед өглөө эрт 5 цагт сэрүүлэг дуугарахад амжилттай, амжилтгүй 2 хүний ялгаа гарч ирдэг. Үнэхээр их хүсч байна уу, үгүй юу гэдэг гарч ирдэг. Амжилтанд хүрч чадах хүн үү үгүй юу гэдэг нь тодорхойлогддог.
Хүн бүр “За би маргааш өглөө 5 цагт босно” гэдгийг өөртөө хэлж чадна. Хүн бүр сэрүүлгээ 5 цагт тохируулж чадна. Хүн бүр хийх ажлаа бэлдэж, цагийн хуваарьтаа оруулж чадна. Харин хүн бүр тавьсэн сэрүүлэгтээ сэрж чаддаггүй. Хүн бүр хийдэггүй.
Яагаад хүн бүр хийдэггүй вэ?
Нийт хүмүүсийг 20/80 гэж хуваана. Топ 20% буюу бусад 80%. Хүн бүр топ 20% -д орохыг хүсдэг ч орж чаддаггүй.
Тэгээд ч хүмүүс хэлдэг ш дээ. Бүх хүн амжилттай болчихвол утгагүй биз дээ, бүх хүн бизнес эрхэлчихвэл хэн бусдыг нь хийх юм бэ гэдэг. Энэ үнэн. Тийм болохоор хүн бүр 20%-д орж чаддаггүй. Яагаад гэвэлд 20%-д орох хэцүү. Маш их хөдөлмөрлөж, өөртэйгээ ажиллаж, тууштай байх хэрэгтэй болдог. Гэвч хүн бүр ингэж чаддаггүй.
Амжилтанд хүргэх дадлуудыг яаж эзэмших вэ
Тэгэхээр хэрвээ та өглөө сэрүүлэг дуугарах тэр мөчид өөрийгөө ямар нэгэн байлдаар татаж босгож чадахгүй байгаа бол та бусад 80% гэж ойлгож болно. Бусад 80% хувьд орохыг хүсэхгүй байгаа бол өглөө 5 цагт яаж ийж байгаад босох л хэрэгтэй болно. Топ 20%-ийн хүмүүс хэцүү байсан ч хийснээр топ 20%-д орсон.
5 цагт сэрүүлэг дуугарах тэр үед танд сонголт бий: босох эсвэл босохгүй байх, aмжилтанд хүрэх хүрэхгүй байх, топд 20%-д орох орохгүй байх сонголт бий. Та альныг нь сонгоно та тийм л хүн болох болно.
Гэхдээ нэг удаа өглөө 5 цагт босох биш, маргааш нь бас 5 цагт босно, нөгөөдөр нь бас өглөө 5 цагт босно. Бүтэн сарын турш өдөр болгон өглөө 5 цагт боссоноор өглөө эрт 5 цагт босох дадлыг эзэмшиж эхэллээ гэж ойлгож болно. Дөнгөж эхэлж байна гэж ойлгож болно. Харин цааш нь үргэлжлүүлснээр дадалтай болно харин тэр дадал таныг эргүүлээд өглөө эрт босгож амжилтанд хүргэнэ.
Амжилтанд хүргэх нэг дадлыг эзэмшиж чадсан бол бусад бүх дадлыг эзэмшиж чадна.
Амжилтанд хүргэх дадлуудыг яаж эзэмших вэ тухай бичлэг маань таалагдсан бол цааш нь хэрэг болох хүнд дуулгаж тус болоорой. Надтай хамт амжилт өөдөө урагшаа тэмүүлж байгаад би маш их баяртай байна.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР