Өөртөө итгэх итгэл чинь ямар түвшинд байна вэ?
Өөртөө итгэх итгэл чинь ямар түвшинд байна вэ?
Та өөртөө 100% итгэж байна уу? Та өөртөө итгэхийг хүсч байна уу? -Тийм!
Би өөртөө 100% итгэхийг хүсч байна!
Өөртөө итгэнэ гэдэг нь хүн бүрийн хувьд өөр өөр байна. Жишээлбэл: Сурагч байлаа гэхэд самбарын өмнө гараад цээжилсэн шүлгээ зоригтой унших, борлуулагчийн хувьд үйлчилгээ болон бараагаа дурын хүнд дуртай үедээ санал болгох, олны дунд ичихгүйгээр өөрийгөө танилцуулах, дарга дээрээ орж яагаад цалингаа нэмэгдүүлмээр байгаагаа хэлэх, дуртай охинтойгоо үерхэх хүсэлтэйгээ хэлэх гэх мэт. Энэ бүгдэд өөртөө итгэх итгэл хэрэг болдог.
Хийх юмсан гээд хийхгүй байгаагийн нэг шалтгаан бол өөртөө итгэх итгэл бага байгаатай холбоотой.
За тэгвэл өөртөө итгэж байна уу үгүй юу гэдгийг мэдэхийн тулд дараахь асуултуудад хариуллаарай. “Тийм” эсвэл “Үгүй” гэдэг хариултыг өгөөрэй.
- Өөрөө шийдвэр гаргаж чадахгүй найз нөхөд, гэр бүлийнхэн, ажлынхнаасаа байнга асуудаг.
- Юу ч хийсэн дэмжлэг хэрэг болдог. Дэмжлэггүй бол хийдэггүй.
- Хурал цуглаан дээр санал бодлоо солилцохоос илүү сонсож өнгөрөөдөг.
- Ажлын оновчтой санал байдаг ч дарга буюу дээгүүр тушаалтангуудтай зөвшилцөх гэхээр нэг л болж өгдөггүй.
- Олны дунд өөрийгөө танилцуулж чаддаггүй.
- Завгүй үед хүмүүс юм гуйхаар үгүй, чадахгүй гэж хэлж чаддаггүй.
- Хүмүүс юу гэж бодох бол, намайг муу хэлбэл яана аа гэж байнга боддог.
- Эрсдэл хийхээс айдаг.
- Өөрийнхөө гадаад төрөхөнд сэтгэл хангалуун байж чаддаггүй.
- Олны дунд ганцаараа байж чаддаггүй.
Хэрвээ та дээрх асуултуудын ихэнхд “ТИЙМ” гэж хариулсан бол таны өөртөө итгэх итгэл доогуур байна гэж ойлгоорой.
Гэхдээ сэтгэлээр бүү унаарай. Та өөрийгөө сонжиж үзсэнээр дараагийн алхам буюу өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх арга хэмжээ эхлэнэ шүү дээ.
Одоо дараахь 10 асуултанд “тийм” эсвэл”үгүй” гэдэг хариултыг өгөөрэй.
- Та өнгөрсөнд ямар нэгэн (том жижиг хамаагүй) амжилт гаргаж байсан уу?
- Та хэзээ нэгэн цагт хийж үзээгүйгээ хийж үзэж байсан уу?
- Хүмүүс танд дуртай байх мэдрэмжийг авч байсан уу?
- Амжилтанд хүрч чадах юм шиг мэдрэмж үе үе төрдөг үү?
- Та өөрийгөө аз жаргалтай гэж боддог уу?
- Одоо хийж байгаа ажилдаа сэтгэл хангалуун байна уу?
- Танд өөрийн гэсэн ур чадвар байгаа юу?
- Та өөрийнхөө амьдралыг 100% хариуцаж байна уу?
- Та өөрийгөө 5 жилийн дараа амжилтанд хүрснээр төсөөлж чадах уу?
- Та өөрийгөө үнэ цэнтэй хүн гэж үздэг үү?
Хэрвээ та дээрх асуултуудын ихэнхийг “ҮГҮЙ” гэж хариулсан бол таны өөртөө итгэх итгэл доогуур байна гэж ойлгоорой.
За тэгэхээр дээрх 20 асуултанд хариулснаар та өөрийгөө жоохон ч гэсэн харж чадсан байх гэж бодож байна.
Өөртөө итгэх итгэл доогуур байна гээд бүх юм дуусахгүй. Хүн үргэлж өөртэйгээ ажиллаж, өөрийгөө сайжруулах боломжтой. Өөрийгөө сайжруулах алхам тутамд өөртөө итгэх итгэл нэмэгддэг юм шүү гэдгийг өнөөдөр сануулах хүсэлтэй байна.
Одоо танаас сонсох хүсэлтэй байна. Таны хариулт хэр зэрэг гарсан бэ? Доор бичиж хуваалцаарай.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР
Хэрвээ та миний дараагийн шинэ мэдээллийг алгасалгүй и-мэйл хаягаараа хүлээж авахыг хүсвэл и-мэйл хаяг болон нэрээ доор оруулж бүртгүүлээрэй.