Үйлдэл бүхнийг харуулна
Үйлдэл бүхнийг харуулна.
Мянга яриад, мянга бодоод, мянга хүсээд, мянга хийхийг завдаад нэмэргүй. Зөвхөн хийж байгаа үйлдлээрээ тухайн хүн хэн бэ гэдгээ харуулна. Өөрөөр хэлбэл:
Хүнийг өдөр бүр хийж байгаа үйлдлээр нь танина.
Таны өмнө хийж байсан үйлдлүүд өнөөдрийн та-г бүтээсэн байгаа. Хэрвээ та өнөөдрийнхөө амьдралыг өөрчлөхийг хүсвэл өнөөдрийнхөө хийх үйлдлийг өөрчлөх хэрэгтэй болно. Өнгөрсөнд хийсэн үйлдлүүдийг өөрчлөх боломжгүй ч ирээдүйд хийх үйлдлүүдийг өөрчлөх боломжтой. Яаж вэ гэвэл өнөөдөр арай илүү ухаантай сонголт хийснээр ирээдүйгээ өөрчлөх боломжтой, ирээдүйн амьдралаа өөрчлөх боломжтой, санхүүгээ, эрүүл мэндээ, бие бялдраа өөрчлөх боломжтой.
Хүн бүр боддог, хүн бүр хийхээсээ өмнө ярьдаг, хүн бүр амжилтыг хүсдэг, хүн бүр хийхийг завддаг боловч харамсалтай нь хүн бүр хийдэггүй. Яагаад гэвэл ихэнх хүн тархинд орж ирж байгаа залхуу бодолдоо, гарч ирэх өчүүхэн шалтгуудад захирагддаг. Захирагдсан учраас ялагддаг. Харин ялсан хүнд шалтаг байдаггүй, яагаад гэвэл ялчихсан учраас, тийм үү!
Тийм болохоор би энэ тархинд байнга орж ирдэг залхуу бодлоосоо залхаж байна. Энэ өчүүхэн шалтгуудыг үнэхээр үзэн ядаж байна. Тийм ч учраас би өнөөдөр хийж бүтээхийг сонгож байна. Хэрвээ та надтай хамт бол өнөөдрийн амжилтын тарнийг хамтдаа урья.
АМЖИЛТЫН ТАРНИ
Би өнөөдөр хийж бүтээхийг сонгож байна. Өнөөдрийнхөө үйлдлээр би ирээдүйгээ өөрчилж байна!
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР