Яаж өөрийгөө өдөөж, урам зориг орох вэ?
“Үйлдэл хийх нь амжилтын эх үүсвэр мөн.”
Үйлдэл хийхгүйгээр зөвхөн хүсээд, бодоод бид яав ч амжилтанд хүрч чадахгүй. Тиймээс өөрийн хүссэн амжилтанд хүрэхийн тулд, хүссэн амьдралаа бүтээхийн тулд түүнийхээ төлөө арга хэмжээ авч үйлдэл хийх хэрэгтэй болдог.
Бидэнд ямар нэгэн санаа төрөхөөр тэр санаагаа шууд шүүрч авч, сайтар тунгаан бодож, найз нөхөд, гэр орныхонтойгоо хуваалцаж, түүнийхээ тухай судалдаг. Нэлээн сайн судалсны дараагаар нөгөө санаа маань хэрэгжүүлэхэд төвөгтэй болохыг олж мэдээд, магадгүй дахин нэмж судлаад, үнэхээр хэрэгжүүлэхэд хэцүү санаа байна гэдгийг батлаад түүнийгээ дараа өөр өдөр хийхээр хойшлуулах ч юмуу эсвэл бүүр хэрэгжүүлэхээ больдог.
Харин амжилттай яваа хүмүүс санаа төрөнгүүт мөн адил шүүрч авч судлана, тэгээд хичээнгүйлэн анхны алхам хийж эхэлдэг, хийхдээ зүгээр нэг алхам биш бүүр асар том алхам хийдэг.
Яагаад асар том алхам хийх гэж? Том алхам гэж юуг хэлээд байна вэ?
ТОМ АЛХАМ гэж урьдаа тависан зорилгоо биелүүлэхийн тулд сайтар тунгаан бодож, урьдчилан төлөвлөсөн үйлдлийг чин сэтгэлээсээ тэмүүлэлтэйгээр хийж, гарч ирэх саад бэрхшээлүүдэд өөрийн оюун ухаан, сэтгэл санаа, бие махбодийг бэлдэхийг хэлдэг.
ТОМ АЛХАМ гэж өөрийн дийлдэшгүй, агуу их хүчийг тодорхой гаргасан зорилго өөд 100% чиглүүлэхийг хэлдэг.
ТОМ АЛХАМ гэж хайрцагнаас гадуур сэтгэж, урьд нь танаас өөр хэн ч бодож байгаагүйг бодож, түүнийхээ төлөө зоригтой, түрэмгий алхам хийхийг хэлдэг.
ТОМ АЛХАМ гэж өөртөө үргэлж “ЗА” -г хэлж, урагш давшлахыг хэлдэг.
Тиймээс том алхам хийснээр гаргасан зорилгодоо баттай зогсож, хийж чадах бүхнээ зориулж, цаашид үргэлжлүүлэн үйлдэл хийх анхны том өдөөлт болж өгдөг. Өөрөөр хэлбэл хүн байдаг бүхнээ зориулж, буцах замаа хүртэл шатааж, амжилтаас өөр сонголтгүй мэт болдог. Амжилтаас өөр сонголтгүй мэт болох тэр үед АМЖИЛТ таных гэсэн үг.
Анхны том алхам хийхийн тулд өөрт хэрхэн урам зоригийг өгөх вэ?
“Агуу ихийг мөрөөдөж, түүнийгээ биелүүлэхийн тулд бүхнээ зориулж буй хүн үргэлж эрч хүч, урам зоригоор дүүрэн байдаг.”
Бид ирээдүйн амьдралдаа 100% итгэлтэй биш байдаг учраас сэтгэлээ зовоож сөрөг бодлоор оюун ухаанаа дүүргэж, яанаануудыг үүсгэдэг. Тиймээс бид урам зоригоор дутаж, өөрсдийгөө давж чадахгүй ялагддаг. Хичнээн хичээгээд ч, ганц 2 удаа даван дийлээд ч нэмэргүй ахиад л урам зориггүй болдог. Яагаад?
Үүнд 3 том шалтгаан бий:
1. Амьдралынхаа зорилгыг мэддэггүй
2. Анхаарлаа буруу юман дээр төвлөрүүлсэн
3. Өөрөө өөртөө итгэлтэй байж чаддаггүй
1. Амьдралынхаа зорилгыг гаргах. Маш нарийн, тодорхой зорилго гаргах хэрэгтэй. Энэ гаргасан зорилго зөвхөн таны өөрийн биелүүлэх хүсэлтэй зорилго байх ёстой. Яагаад гэвэл хүсээгүй зүйлийнхээ араас явахад урам зоригтой байх нь юу л бол? Шахаж, хүчлээд явсан ч гэсэн хэсэг хугацааны дараа урам зориг эргээд мөхнө. Тийм ч учраас олон хүмүүс явцын дунд зогсож, хийе гэсэн зүйлээ хийж чаддаггүй.
Өөрсдийн хүссэн зүйлийн араас биш, хэн нэгний хийгээсэй гэж бодсон юмыг хийх ёстой гээд итгэчихсэн ч юмуу, эсвэл бусад хүмүүс бидний хийх ёстой зүйл гэдгийг итгүүлчихсэн тохиолдолд хичнээн хийх хүсэл төрсөн ч гэсэн нэг л хийх зориг, хүч орж өгдөггүй. Тиймээс ямар нэгэн зүйлийг хийхээсээ өмнө үнэхээр би өөрөө хүсч байна уу? гэдгийг асууж, үгүй бол жинхэнэ өөрийнхөө хүссэн ЗОРИЛГОО тодорхойлж, түүнийхээ араас явах хэрэгтэй.
Хүсэл эрмэлзлээ бадраасан зорилго гаргаснаар өөрийн эрхгүй өдөөгдөж, урам зоригоор дүүрэн байж, анхны тэр асар том алхамыг ямар ч саадгүйгээр хийх болно. Алхам хийж чадсан бол гарах үр дүнгээ хараад улам их хүч орж, цааш үргэлжлүүлэн үйлдэл хийх эрч хүчийг бадрааж өгдөг. Яг л бөөрөнхийлсөн цасыг уулын оройгоос өнхрүүлэхэд, уруудах явцдаа хавийн цасыг татаж томордогийн адил үйлдэл хийх болгонд эрч хүч, урам зориг улам их нэмэгдсээр байх болно.
2. Анхаарал төвлөрөлт. Анхаарлаа хаана төвлөрүүлнэ тэнд эрч хүч цуглана. Юу хүсч байгаагаа тодорхой мэдээд, түүнийгээ зорилго болгож, түүн дээрээ байнга анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй.
Та яг юу хүсч байгаагаа зайлшгүй мэдэх шаардлагатай ч, яаж гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлэх хэрэггүй. Яаж гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлээд ирэхээр гарч ирэх асуудал бэрхшээл, саад тотгоруудыг бодож, харж, төсөөлж эхэлдэг учраас урам зоригоо дорхноо алддаг. Түүний оронд юу, яагаад хүсч байна, ямар үр дүн харахыг хүсч байгаа гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлэх нь зүйтэй.
Мэдээж хүн бүрт саад тотгор учирна, гэхдээ эхний гарч ирсэн асуудал дээр анхаарлаа төвлөрүүлснээр ихэнх хүмүүс эргээд зорилго өөд явах зориггүй болдог. Амжилтанд хүрсэн хүмүүс хэдий саад бэрхшээлтэй учирч, унаж, ялагддаг ч, тэд яг юу хүсч байгаагаа сайн мэддэг, мөн анхаарлаа зөвхөн түүн дээрээ төвлөрүүлж чаддаг, тийм ч учраас тэд үргэлж урам зоригоор дүүрэн байдаг.
3. Өөрөө өөртөө итгэх итгэл. Хэрвээ хийж, бүтээж чадна гэж бодохгүй байвал хийж, бүтээж чадахгүй. Энэ бодол биднийг үргэлж хойш татаж байдаг. Өөрөө өөртөө итгэлгүй бол мэдээжийн хэрэг яаж ч урам зоригтой байх билээ. Өөртөө сэтгэл хангалуун биш, гутранги, зовхи доошоо, ямар ч эрч хүчгүй, урагшаа давшлах хүсэлгүй, байнга хойш суусан, санаа алдсан, зорилгогүй нэгэн болж хувирна.
Бидний урам зоригийг мөхөөдөг номер нэг зүйл бол өөрөө өөртөө итгэдэггүй зан чанар мөн.
Өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэийн тулд өөрийнхөө гаргасан бүх амжилтуудыг (жижиг, томгүй) эргэн санаж, жагсааж бичих хэрэгтэй. Сургуулиа амжилттай төгссөн, хоол сайн хийж чаддаг, үнэнч байж чадсан, хүний итгэлийг даасан, аав ээжийгээ баярлуулж байсан тэр мөч, хэн нэгэнд тус болсон гээд л зөндөө гоё дурсамжууд байгаа биз дээ. Энэ бүгдийгээ та амжилт гэдэг нүдээр харахаа мартсан учраас та өнөөдөр өөртөө нэг л сайн итгэхгүй байж болох юм.
ТА БОЛ АМЖИЛТТАЙ ХҮН!
Тиймээс өөрийнхөө гаргасан амжилтуудаа жагсааж бичээд үзээрэй. Түүнийгээ хараад таны өөрийн үнэлэмж нэмэгдэж өөрөөрөө бахархах сэтгэгдэл төрнө гэдэгт би итгэлтэй байна.
Мөн өөрт байгаа бүх зүйлдээ талархаж сурснаар өөрийн үнэлэмж нэмэгдэж өөрөө өөртөө итгэх итгэл мөн адил нэмэгддэг.
Эцэст нь нэмж хэлэхэд эрч хүчээ хадгалахын тулд “ЯГ ОДОО ХИЙЕ” гэдэг шилдэг аргыг эзэмшиж, дадал болгох хэрэгтэй.
АМЖИЛТЫН ТАРНИ: Би эрч хүчтэй, урам зоригтой алхаж байна!
Амжилт хүсье!
© Ука Төмөр
hi tanii bichlegin olj uzlee bayrlaa bas tand bayr hurgey hun ene delhii deer busdiigaa soyn gegeeruulehiin tuld busdiiigaa oyunii huwid deeshluulj ahiulahiin tuld hurungu opuulalt hiih uuregtei irdeg baih. ta busdiig surgaj bgaa bas uurge biyluulj bn gej bodoj bna tand amjilt husiii iluu olon hun tanii yrij bgaag oilgoj uursud deere heregjuuleesei..
@bi Маш их баярлалаа! Амжилт хүсье найзаа!
ymar goy medeelel ve bayrlalaa
Bayarlalaa
Unshih bolgond addictive bolgoj bur active optimist bolgoh yumaa bayrlalaa
Чамд ч гэсэн баярлалаа! Амжилт хүсье Зулаа!
Ука-даа Баярлалаа
Гоё мэдээлэл байна. БАЯРЛАЛАА😁