Яаж Тууштай Байх Вэ
Яаж Тууштай Байх Вэ?
Та энэ бичвэрээс:
– Тууштай байна гэдэг нь юу гэсэн үг вэ
– Ихэнх хүмүүсийн гаргадаг том 2 алдаа
– Тууштай байж сурах 5 арга
– Бизнесийн хувьд тууштай байна гэдэг нь юу гэсэн үг вэ
зэргийг мэдэх болно.
Мөн би танд зориулж “Та энтрепренёр мөн үү?”, “Та амжилтанд хүрэх үү?” сонжоонуудыг татаж аваагүй бол энэ бичвэрийн доороолс татаж аваарай.
Сайхан мэдээ нь юу вэ гэвэл хүн бүр хийх ёстойгоо хийж байдаг. Даан ч тууштай байх амаргүй учраас олон хүн тууштай байж чаддаггүй. Та ч гэсэн санал нэг байгаа байх гэж бодож байна.
Би энэ ХҮС ХИЙ ХҮР блогоо аль 2010 оноос хойш хөтлөж байгаа.
Хэрвээ та надтай хамт олон жил болсон бол мэдэж байгаа байх , түүнээс хойш 12 жил өнгөрсөн ч, өнөөдрийг хүртэл ХҮС ХИЙ ХҮР блогоо хөтөлсөөр байгаа.
Тууштай байх олон янзын арга бий. Эдгээр аргууд хүн хүнд өөр өөрөөр үйлчилдэг. Зарим хүнд тус болж байхад зарим хүнд огт тус болохгүй байх жишээтэй.
Надад үйлчилсэн аргууд надад л үйлчилж, танд үйлчилсэн арга зөвхөн танд л үйлчилж байж болох юм.
Гэхдээ хамгийн түрүүнд тууштай байна гэдэг нь таныхаар яг юу гэсэн үг вэ гэдгийг мэдэх хэрэгтэй юм болов уу гэж бодлоо.
Миний хувьд тууштай байна гэдэг нь тухайн хийж байгаа юмандаа сэтгэл гаргаж, түүнийхээ төлөө зогсож, хийж дуусан дуустлаа, үр дүн гарган гаргатлаа түүн дээрээ анхаарлаа төвлөрүүлж, хийж дуусгах, үр дүн гаргах аргыг шантралгүй хайж, олж, суралцаж түүнийгээ тасралтгүй хэрэгжүүлэхийг хэлнэ. Тууштай байна гэдэг нь нэг үйлдлийг удаан хугацааны турш олон дахин давтан хийнэ гэдгийг ойлгох нь чухал. Сахилга баттай байх, хариуцлагатай байх зэрэг нь тууштай байхтай шууд холбоотой гэж болно.
Тууштай байна гэдэг нь хувийн амжилтанд, бизнесийн амжилтанд маш чухал зүйл байдаг. Тийм ч учраас тууштай байхын чухлыг би үргэлж бусдад сануулахыг хүсдэг.
Хүн төрөхдөө тууштай зан чанартай төрдөггүй. Бид тууштай зан чанарыг өөртөө суулгаж хөгжүүлдэг.
Хэрвээ та тууштай байж чаддаггүй, тууштай байх чин хүсэлтэй байгаа бол өнөөдрийнхөө энэ дугаарт хувийн амжилт гаргахад, бизнесийн амжилт гаргахад яаж тууштай байх вэ тухай ганц 2 зүйлийг тантай хуваалцах хүсэлтэй байна.
- Яаж тууштай байх вэ?
Амжилтанд хүргэх үйлдлийг ганц 2 удаа хийснээр амжилтанд хүрэхгүй. Байнга тууштай хийснээр амжилтанд хүрнэ.
Хэрвээ та амьдралаа өөрчлөх хүсэлтэй байгаа бол амьдралаа өөрчлөх үйлдлүүдийг тууштай хийх хэрэгтэй.
Ихэнх хүмүүсийн гаргадаг 2 том алдаа байдаг.
1. Тэгэх юмсан гэж бодсон мөртлөө тэгэх үйлдлээ хийдэггүй.
2. Хийсэн ч тууштай байж чаддаггүй. Хаяа хийдэг эсвэл ганц 2 удаа хийгээд больдог.
Тийм учраас амжилтанд хүрдлэггүй.
Тууштай байна гэдгийг товчхон тайлбарлахад “хий, хийхдээ байнга хий” гэдэг 4 үгээр л тайлбарлана.
Хэрвээ та тууштай байж сурах хүсэлтэй байгаа бол
- Маш энгийн зүйлүүдийг эхлээд тууштай хийж сурах хэрэгтэй. Жишээлбэл өглөө болгон нэг цагт тогтмол босож сурах. Амралтын өдөр, баярын өдрийг эс харгалзан өглөө эрт нэг тогтмол цагт босож сурах. Маш эншгийн зүйлээс эхлээрэй. Энгийн юмыг хүмүүс нээх их тоодоггүй. Тоосон ч үнэ цэнгүй мэтээр хүлээж авдаг. Яагаад гэвэл маш энгийн амархан учраас. Ингээд л болоо юм уу гэдэг нүдээр хараад хядаг. Тэгээд өөр ээдрээтэй, хэцүү юмны араас явдаг ч тууштай байж чадахгүй бууж өгдөг. Маш энгийн амархан юмыг тууштай дагаж, хэрэгжүүлж чадаагүй бол хүнд хэцүү зүйлийг тууштай дагах нь юу л бол тийм үү?!
- Тууштай байж чадсангүй гээд тэр чигтээ больдог. Мэдээж 100% тууштай хүн гэж байхгүй. Бидэнд янз бүрийн асуудал тулгардаг. Түүнээс болоод бүр мөсөн болино гэдэг утгагүй. Цааш нь үргэлжлүүлэх нь зүйтэй. Жишээлбэл та подкаст хийж байгаад тууштай байж чадахгүй нэг дугаар алгаслаа гэж бодьё. Тэгээд алгасангуут хүн моментоо алдаж дахиад алгасна, дахиад алгасна гэсээр байгаад бүр хийхээ зогсоодог. Түүний оронд нэг 2, 3, 4, 5 удаа алгассан ч гэсэн хаана зогссон тэндээсээ үргэлжлүүлснээр та тууштай байх болно. Тууштай байснаар та хүссэн үр дүндээ хүрнэ. Үгүй бол магадгүй яг амжилтанд хүрдгийн даваан дээр бууж өгсөн ч юм билүү бид мэдэхгүй ш дээ тийм үү?!
- Тууштай байж сурах хүсэлтэй байгаа бол гарах үр дүн дээр биш өдөр болгон зорилгынхоо дагуу ямар нэгэн үйлдэл хийх дээр анхаарлаа төвлөрүүлээрэй. Жишээлбэл та жин хасах хүсэлтэй байгаа бол жин хасаж байна уу гэдэг дээр биш өдөр болгон жин хасах үйлдлээ хийж байна уу гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлээрэй. Хэрвээ та жин хасах тэр үйлдлийг өдөр болгон хийж л байгаа бол хасах нь гарцаагүй. Хамгийн гол нь өдөр болгон тэр хийх үйлдлээ хийх нь л чухал.
- Тууштай байхаа өөртөө сануулах. Тууштай байж чадахгүй бол ямар үр дүнд хүрэх вэ, чадвал ямар үр дүнд хүрэх вэ гэдгээ өөртөө сануулах. Хийх юмаа өдөр тутмынхаа цагийн хуваарьт оруулах. Хамгийн завгүй өдрөө ч гэсэн цаг гаргаж цагийн хуваарьтаа оруулснаар та хийх болно. Тэгээд бүүр болохгүй бол хийгээрэй гэдэг сэрүүлэг тавьж болно.
- Гээд л маш олон янзын аргууд бий энд бичээд байвал бараг дуусахгүй байх. 5 дахь энэ аргаар хувийн амжилт гаргахад яаж тууштай байх вэ гэдгийг дуусгая гэж бодлоо. Энэ 5 дахь арга бол өөрийгөө тууштай хүн гэдгээр харах. Өөрийнхөө сөрөг зан чанар дээр биш өөрийнхөө эерэг зан чанарууд дээр анхаарлаа төвлөрүүлээрэй. Тууштай хийсэн өдөр болгон өөрийгөө урамшуулж “Би тууштай!” гэдэг амжилтын тарнийг өөртөө хэлж сануулаарай.
– Би тууштай!
– Би тууштай байж чаддаг!
– Тууштай байх нь миний зан чанар!2. Бизнесийн хувьд тууштай байна гэдэг нь юу гэсэн үг вэ?
Тууштай байх нь бизнест яаж нөлөөлөх вэ гэвэл тууштай байснаар бусдын итгэлийг авч чаддаг. Бусдад тууштай үнэ цэнтэй мэдээлэл хүргэж, тууштай чанартай бараа хүргэж, тууштай цагтаа онгойж чаддаг, тууштай амттай хоолоор үйлчилж чаддаг, тууштай бусдын төлөө байж чадах юм бол үйлчлүүлэгчид, худалдан авагчид таны бизнест итгэж цаашид таны бизнесээр үйлчлүүлэх болно.
Тэгэхгүй тууштай цагтаа онгойж чадахгүй нэг бол яг цагтаа онгойгоод л нэг оройтож онгойгоод байвал хүн итгэхээ байна. Жишээлбэл нэг өдөр би ажилдаа явахаас өмнө танай дэлгүүрээр ороод үйлчлүүлээд гарлаа гэж бодьё. Дараагийн өдөр ажилдаа явахаас өмнө орох гэсэн чинь онгойгоогүй байвал дараа би эргэлзэх болно. Яг очтол хаалттай байвал дэмий юм болно гээд дандаа онгойдгоор нь өөр дэлгүүрлүү явах жишээтэй.Миний хувьд гэвэл би аль болох тууштай байхыг хичээдэг. Аль 2010 оноос хойш таны амжилтанд хэрэгтэй болов уу гэж бодож байгаа үнэ цэнтэй мэдээллээ хүргэхийг хичээсээр ирсэн. Ямар сайндаа Твитер дээр нэг хүн ингэж хэлсэн байдаг “Намайг анх твитер дээр орж ирэхэд л энэ хүн байсан. Одоо болтол байгаа юм уу? Ямар аймар юм бэ?!” гэж байсан. Үүнийг тууштай гэх байлгүй дээ тэ.Тууштай байснаар та тууштай сонсогч, тууштай үйлчлүүлэгч, тууштай худалдан авагчидтай болно гэсэн үг.Бас нэг зүйл юу вэ гэвэл та тууштай байхыг ингэж ойлгож болох байх. Гэрт гэрээ дулаацуулахын тулд гал түлнэ. Галдаа тууштай мод хийснээр галаа унтраахгүй гэрээ дулаахан байлгана. Галдаа тууштай мод хийж чадахгүй бол нэг асаад л нэг унтраад л гэр олигтой дулаацахгүй. Гал асаж байх үед гэр дулаахан байна, галдаа мод хийхээ зогсоонгуут гал багассаар унтраад гэр хүйтэн болно. Яг үүний адил бизнесийнхээ галд мод байнга тууштай хийснээр бизнес асна, үгүй бол унтрана. Бизнестээ тууштай байна гэдэг нь үйлчлүүлэгч, ажилчид, партнеруудын итгэлийг олж авна, ингэснээр хоорондын харилцаа сайн байх болно.
Тууштай байх нь бизнес эрхлэгч танаас эхэлнэ.
Тууштай байна гэдэг нь ямар бизнес хийж байна вэ гэдгээс илүү бизнесээ хэрхэн тууштай хүргэж байна вэ гэдэг нь чухал гэдгийг ойлгоорой.
Ямар бараа хүргэж байна вэ гэдгээс илүү бараагаа хэрхэн тууштай хүргэж байна вэ,
хэдэн цагаас онгойх вэ гэдгээс илүү тэр цагтаа тууштай онгойж чадаж байна уу,
олон амлалт өгөхөөс илүү амлалтаа тууштай биелүүлж чадаж байна уу гэдэг чухал.Тууштай “тууштай” байснаар тууштай байх дадалтай болно. Тууштай байх дадалтай болсноор төлөвлөгөөгөө биелүүлж, зорилгодоо хүрнэ. Өөрөөр хэлбэл тууштай байснаар таны бизнесийн суурийг улам бат бөх болгож, удаан хугацааны турш амжилттай байлгах болно.Хувийн амжилтанд ч гэсэн мөн ялгаагүй тууштай байснаар энэ нь тууштай байх дадлыг үүсгэнэ. Тууштай байх дадал нь амжилтын эх үүсвэр юм.Тиймээс өнөөдрөөс өөрийгөө тууштай хүнээр харж, бүгдээрээ хийж байгаа юмандаа тууштай байцгаая!
Бид чадна! ХҮС ХИЙ ХҮР таны амжилтын төлөө!
.
.
Танд өнөөдрийн бичвэр таалагдсан байх гэж бодож байна. Хэрвээ тийм бол хэрэг болох найз нөхөддөө цааш нь түгээгээрэй. Тэ хэр тууштай хүн бэ, тууштай байхад танд юу саад болж байна вэ тухай доор надтай хуваалцаарай.“Та энтрепренёр хүн мөн үү?” сонжоог татаж аваагүй бол доор Нэр, И-мэйл хаягаа хийж татаж аваарай.
One Comment