Хуучин оноо хүчтэйхэн үдээрэй
Хуучин оноо хүчтэйхэн үдээрэй яаж гэвэл заавал уншаарай.
Заримдаа бид мөрөөдлөө биелүүлж чадах эсэхээ сайн мэдэхгүй байгаагаас болоод “Би чадна” гэдгийг зоригтой хэлж чаддаггүй. Гэхдээ бид юу мэдэх вэ гэвэл өдөр болгон мөрөөдлийнхөө төлөө нэгийг хийвэл мөрөөдөл биелэх боломжтой гэдгийг сайн мэднэ. Мөрөөдлийнхөө төлөө өдөр болгон нэгийг хийж байгаа хүнд юу тохиолддог вэ? Энэ тухай би өнөөдөр тантай хуваалцахыг хүслээ.
Мөрөөдлөө биелүүлэх гээд гүйж байгаа хүн бүдэрч унадаг, алдаа гаргадаг, урам нь хугардаг, сэтгэлээр унадаг, саад бэрхшээлтэй учирдаг, ялагдаж бууж өгөх хүсэл төрдөг. Гэвч энэ бүхэнтэй нүүр тулж, өдөр болгон нэгийг хийж байгаа хүн өөрийнхөө тухай нэг зүйлийг мэдэж авдаг.
Энэ нэг зүйл юу вэ гэвэл хүн өөрийгөө ямар их хүчтэйг мэдэрдэг, хийж чадахгүй зүйл гэж байдаггүй юм байна гэдгийг мэдэрдэг, замд гарч ирэх саад бэрхшээл юу ч биш юм байна гэдгийг мэдэрдэг, хүний царай алдаж, бусдад дээрэлхүүлэхгүйгээр амьдралаа 100% гартаа авч явах ид шидийг мэдэрдэг.
Тийм ч учраас мөрөөдлийнхөө төлөө гүйж байгаа хүмүүс саад тотгороо давахаас нааш, мөрөөдлөө бодит болгохоос нааш зогсохгүй гэдгийг баттай мэддэг. Зовлон бэрхшээл, дайн дажин, цасан шуурга, юу ч тохиолдсон хамаагүй “би чадна, би чадна” гэдгийг өөртөө дахин дахин хэлж, түүнээсээ урамшиж, үргэлжлүүлэн гүйж чаддаг.
Хэрвээ та өнөөдөр мөрөөдлөө биелүүлж чадаагүй бол, хэрвээ та энэ жил санасандаа хүрч чадаагүй бол битгий гутар, таны амьдралын зам дуусаагүй байна.
Сул талаа ирлэж байгаад, зовлонгоороо түрий барьж байгаад дахиад үз.
Та чадна!
Хамаг хүчээ шавхаж байгаад, хандлагаа өөрчилж байгаад дахиад үз.
Та чадна!
Яадгийн энэ удаад чадаагүй л биз, яадгийн хүмүүс муу хэлнэ л биз хэнд хамаатай юм бэ!
Хамгийн гол нь та зогсохгүй, та бууж өгөхгүй байх нь бүхнээс чухал. Ингэж чадвал та ялна, та амжилтанд хүрнэ, та мөрөөдлөө бодит болгож чадна.
Тийм болохоор хуучин оноо хүчтэйхэн үдээрэй.
ТАНД БОЛОН ТАНАЙ ГЭР БҮЛД ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЖ,
АЗ ЖАРГАЛ САЙН САЙХАН БҮХНИЙГ ХҮСЬЕ!
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР