ТА АМЖИЛТАД ХҮРЭХИЙГ ХҮСВЭЛ “АМЖИЛТЫН ТАРНИ” УНШ
Уншигч та Амжилтын тарни уншуулах гэж ямар нэгэн сүм хийд, гэгээнтэн, санваартан, номлогчийг зорих, эсвэл хэлний мэдлэг, шалгалт шүүлэг, мөнгө төгрөг гэх мэт зүйлсэд тархиа гашиглгах хэрэггүй. Энэ тарни таны зүрх сэтгэл, оюун ухаанд бий. Өөртөө байгаа нуугдмал тарнийг гаргаж ирж өөрийгөө хөгжүүлэх аргыг заасан ном таны гарт очиж байна.
Мэдээлэл, техник технологийн хөгжлийг биширч, яг одоо надад ус, агаар мэт хэрэгтэй мэдээллийг агуулсан номын нээлтэд анх удаагаа онлайнаар оролцож байгаадаа машид баярлав.
Цагийн зүү Чикаго хотод оройн 9-ийг заалаа. Компьютерийнхээ өмнө сууж номын нээлтийн урилгыг идвэхжүүлэн хүлээлээ. Миний мэдэхийн анх удаагаа Монгол номын нээлт цахим сүлжээгээр болж байгаа нь түүхэн гайхамшигтай үйл явдал юм. Хүмүүст жирийн мэт санагдаж магадгүй. Зохиогчийн номдоо бичсэнчлэн “Зарим хүмүүс -: “мэднээ мэднэ. Ийм юмыг мэддэггүй хүн хаа байдаг юм”. Учир нь энэ бол биднийг урагш ахиулахгүй гацаадаг. Тиймээс таныг энэ бодолд бүү автаасай гэж хүсэж байна. Магадгүй таны аль хэдийн мэддэг зүйлийг эсвэл хаа саагүй байдаг нэгэн хэвийн юмыг бичсэн байж болох юм” Гэхдээ номыг туурвигчийн нэг амжилт нь ном бүтээсэн, түүнээ хүмүүст хүргэхээр онлайн нээлт шинэ санааг бодож олсон нь өөрөө амжилт юм.
“Амжилтын тарни” номыг зохиогч нь Төмөрчөдөрийн Бадамзул олонд танигдсан нэр нь Ука Төмөр. Гайхамшигийг өөрөөсөө хайн олох нь түүний зорилго, харин түүнийгээ бусадтай хуваалцах нь амьдралынх нь утга учир аж.
Номын нээлт яг цагтаа эхлэв. Нээлтэд Монгол, Америк, Испани, Румын, Казакстан, Солонгос зэрэг 10 гаруй орны 30 гаруй газраас 50 хүн оролцож, онлайн индэрт номыг зохиогч Ука Төмөр, онлайн нээлтийг зохион байгуулагч техник, технологи, мэдээллийн IWOW WE MONGOLIA /утас 99014125, 9401425/ компаний захирал Ч.Болормаа, МҮОНТ радиогийн сурвалжлагч Б Болормаа, Азтай уншигч Х.Лхагвасүрэн, Чикаго хот дахь “Ану” маркетинг компаний захирал Т.Сэргэлэнцэцэг нар оролцлоо.
2010 оны 7 дугаар сарын сүүлчээр Ука нүүр номоор /FB/ 11 жил уулзаагүй танилтайгаа тааралдаж хууч хөөрчээ. Тэр хоёрын ярианы гол хэсэг нь “ Өөрийгөө хөгжүүлэх буюу хувь хүний хөгжил”-ийн тухай яриа байжээ. Үүнээс санаа аван 7 сарын 25 гэхэд ганцхан өгүүлбэрээс бүтсэн нүүрномын хуудас нээгджээ. Хуанлийн хуудас эргэсээр.
-: 2010 оны 8 сард Хүс – Хий – Хүр гэсэн алдарт гурван үгнээс бүтсэн уриатай блогоо нээв
-: 2010 оны 9 дүгээр сард анхны нийтлэлээ бичив
-: 2011 оны 4 дүгээр сард Youtube –т анхны хичээлээ байрлуулав
-: 2011 оны 12 дугаар сарын 3 нд Блогчидын наадмаас “Боловсролын шилдэг блогч” цол хүртэв.
Одоо 90 видео хичээл, 200-гаад нийтлэл, “Амжилтын тарни” номтой болжээ.
“АМЖИЛТЫН ТАРНИ нь өөрийгөө өөрчлөхөд анхны замыг тавьж, үүд хаалгыг нээж өгнө.”
АМЖИЛТЫН ТАРНИ – Өөрийгөө ятгах сэтгэлзүйн арга, ятгалын үг хэллэг юм.
АМЖИЛТЫН ТАРНИ – нь амьдралыг өөрчлөх хүчтэй. Энэхүү өөрийгөө ятгах сэтгэлзүйн аргыг хэрэглэхэд маш энгийн бөгөөд амархан.
АМЖИЛТЫН ТАРНИ нь богинохон байх ёстой бөгөөд хүчтэй, эерэг үгнүүдийг сонгож хэрэглэх нь зүйтэй. Ж- нь: “Би хүчтэй! Би зоригтой! Би гайхамшигтай! Би ялан дийлнэ!” гэх мэт.
“Би энэ номыг уншаад, өөр өөртөө амжилтын тарни уншсанаар хуучин цагийн мэргэжилтэн бус шинэ цагийн технологийг эзэмшсэн мэргэжилтэний үнэмлэх авах хүртэлээ өөрийгөө хөгжүүлж чадлаа гэж онлайн нээлтийн хүндтэй зочин, номын азтай уншигч инженер Х.Лхагвасүрэн гуай өгүүлсэн. Хэвлэгдээд удаагүй энэ ном олон хүний ширээний ном болжээ. Номыг Т.Очхүү, МУИС-ийн доктор, профессор Г.Буянтогтох нар хянан тохиолдуулж, АНУ-д ажиллаж амьдардаг Medeelel.com сайтын админ Д.Өлзийхутаг, түүний гэргий Б.Ууганчимэг, “Ану” маркетинг компаний Т.Сэргэлэнцэцэг нар ивээн тэтгэж хэвлүүлжээ.
“Эхлээд хэн болмоор байна түүнийгээ өөртөө хэл. Дараа нь юу хийх ёстой түүнийгээ хий” – Epictetus
Мэдээж хүн бүр өөрийгөө муу муухайгаар дуудахыг хүсдэггүй. Гэвч бид заримдаа чанга хэлдэггүй ч гэсэн дотроо өөрийн тухай сөрөг бодлыг бодож өөртэйгээ сөргөөр харьцаж байдаг. Хүн болгон дотроо өөртэйгээ үргэлж ярьж байдаг.
Би нэг юм хэлье!
Хүний оюун ухаан өдөрт доод тал нь 40000-50000 бодол бодож байдаг. Та баяр хөөртэй байж чадаагүй, эсвэл амжилтгүй байгаа тохиолдолд таны бодол сөрөг байдаг. Та өөрийнхөө бодолд анхаарлаа төвлөрүүлээд үзээрэй. Байсхийгээд муу, сөрөг бодол бодохыг ажаад гайхах биз.
“Ятгалын үгийг дахин дахин давтаж хэрэглэснээр итгэл үнэмшил бий болдог. Итгэл үнэмшилтэй болсноор аливаа юм биеллээ олдог.” – Claude M. Bristol
За тэгээд мянга сонсохоор нэг үз. Энэ номыг уншаарай. Та харамсахгүй. Харин “Амжилтын тарни”-ийг тархиндаа суулгана. Дашрамд дурдахад онлайн нээлт шинэ сэргэг, сэтгэл хөдлөм, цаг, хөрөнгө мөнгө хэмнэсэн үнэхээр саак болсон шүү. Дэлгэрэнгүй мэдээллийг авья гэвэл www.UkaTumur.com
Д.Уранзул
Эх сурвалж http://www.medeelel.com/