Бясалгал хийх үед тархинд янз бүрийн бодол орж ирээд, анхаарал төвлөрөхгүй байвал яах вэ?
Та бясалгал хийдэг үү? Хэрвээ тийм бол таны амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ?
Хэрвээ үгүй бол та өдрийнхөө хэдхэн минутыг бясалгалд зориулж сураарай гэж би зөвлөмөөр байна. Яагаад гэвэл бясалгал хийх нь маш олон талын ач холбогдолтой. Тэдгээрийн нэг нь одоо цагтайгаа холбогдож, өөрийгөө илүү хянах чадвартай болдог.
Анх бясалгал хийхэд надад их хэцүү санагдаж байсан. Яагаад гэвэл би өөрөө зүгээр сууж чаддаггүй, их хурдан хөдөлгөөнтэй хүн, тэр үүднээсээ хэдхэн минут хөдөлгөөнгүй, юу ч хийхгүй сууна гэдэг
миний хувьд их асуудалтай байсан. Байсхийгээд л тэвчээр хүрэхгүй нүдээ нээж цагаа харна. Цаг харахад ердөө хэдхэн секунд л өнгөрсөн байх жишээтэй. Инээдтэй.
Гэхдээ үүнийгээ байнга давтан хийсээр байгаад овоо суудаг болсон ч толгойд орж ирдэг янз бүрийн бодлууд орж ирсээр л байсан. “За за одоо юу ч бодохгүй шүү” гэж өөртөө хэлсэн ч өөрийн мэдэлгүй л юм бодчихдог байсан. Мөн бясалгал хийгээд суух гэхээр л хийх ёстой зүйлүүд бодогдож, үүнийг ч хийх юм байна, түүнийг ч хийх юм байна мартчих вий дээ гэж бодоод л эсвэл янз бүрийн гоё санаанууд орж ирээд, түүнийгээ мартчих вий дээ гэж санаа зовоод бясалгалаа үргэлжлүүлэн хийж чаддаггүй байсан. Хэрвээ танд ийм байдал тулгарч байгаа бол өнөөдөр би энэ байдлаас гарах аргыг зааж өгмөөөөр байна.
Үүний тулд:
- Бясалгал хийж байх үед янз бүрийн бодол орж ирэх нь энгийн үзэгдэл. Үүнд санаа зовж, өөрийгөө зэмлээд хэрэггүй. Хамгийн гол нь бодол орж ирэх үед анхаарлаа амьсгаан дээрээ төвлөрүүлж, эсвэл өөрийн сонгосон амжилтын тарни дээр төвлөрүүлэх хэрэгтэй. Жишээлбэл: “Миний амьдрал сайхан байна!” гэдэг амжилтын тарни сонголоо гэж бодоход янз бүрийн бодол орж ирэх үедээ “миний амьдрал сайхан байна, миний амьдрал сайхан байна” гэж давтан хэлж анхаарлаа амжилтын тарни дээр төвлөрүүлэээрэй. Тэгээд байж байтал дахиад л анхаарал сарнихад мөн ялгаагүй амьсгаан дээрээ эсвэл өөрийн сонгосон амжилтын тарни дээр анхаарлаа төвлөрүүлнэ. Үүнийгээ анхаарал сарних тутамдаа давтаарай. Хэдэн удаа ч давтаж болно. Бясалгалаа хийж дуусан дуустлаа ч давтаж болно. Хамгийн гол нь юу болоод байгаагаа анзаарч, өөрийгөө хянаж чадаж байна гэдэг нь чухал. Анхаарал сарнихад цааш нь бодсон бодлоо үргэлжлүүлэх үү, эсвэл бодсон бодлоо орхиж одоо цагтайгаа холбогдож амьсгаан дээрээ төвлөрөх үү гэдгийг сонгож чадах нь чухал шүү.
- Бясалгал хийхдээ цаас харандаа хажуудаа тавиад хийх. Бясалгал хийж байх үед гоё санаа орж ирвэл түүнийгээ мартахгүйн тулд шууд бичиж аваад цааш нь бясалгалаа тайван үргэлжлүүлэх нь зүйтэй.
- Өдөр болгон бясалгал хийх. Бясалгал таны амьдралд ямар их ашиг тустайг та мэдэж байгаа. Энэ ашиг тусыг өөрийн бие дээр мэдрэхийн тулд өдөр болгон бясалгал хийж занших нь чухал.
Тэгэхээр та өнөөдөр өөртөө бясалгал хийх хэдхэн минут 5е10е15 хамаагүй гаргаж байгаад энэ 3 аргыг хэрэглээд үзэээрэй. Тэгээд юу гэж бодож байгаагаа надтай доор хуваалцаарай.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©УКА ТӨМӨР