Амьдралаа Юунаас Эхэлж Өөрчлөх Вэ
Амьдралаа өөрчилж эхлэх маш энгийн, хийхэд амархан 7 алхам
Амьдралаа Юунаас Эхэлж Өөрчлөх Вэ? Бид өөрийгөө болон амьдралаа өөрчлөхийн тулд хамгийн түрүүнд хийх алхам бол бидний амьдралд тохиолдсон, тохиолдож буй, тохиолдох бүх зүйлүүдэд бид өөрсдөө хариуцлагатай гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болно. Хүлээн зөвшөөрнө гэдэг нь маш чухал алхам байдаг. Тиймээс та өөрийнхөө амьдралыг 100% өөрөө бүтээнэ гэдгээ хүлээн зөвшөөрөх нь маш чухал юм.
Таны амьдрал өнөөдөр энд ирсэнд магадгүй олон шалтгаан байж болох юм. Гэсэн хэдий ч энэ амьдралаа өөрчлөе л гэж бодож байгаа бол хариуцлагыг 100% гартаа авах нь зүйтэй гэж бодож байна. Мянган бээрийн газар нэг алхмаас эхэлнэ гэдэг шиг энэ нэг алхам бол өөрийнхөө сайн муу бүх л зүйлийг үнэнээр нь хүлээн зөвшөөрч өөрийнхөө амьдралд өөрөө 100% хариуцлагатай гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Таны бодсон бодлууд, таны гаргасан шийдвэрүүд, таны хийсэн үйлдлүүд бүгд нийлээд таны өнөөдрийн энэ амьдралыг бүтээсэн гэдгээ мэдэх хэрэгтэй.
Бид амьдралаа 100% хариуцаад ирэхээр бусдыг буруутгахаа болино. Цаг агаар, түгжрэл, эдийн засаг, эргэн тойронд болж буй зүйлүүд гэх мэт бусад юмыг буруутгахаа больдог. Ингэснээр зөвхөн өөрлүүгээ төвлөрч өөрийнхөө хүчин чадлыг 100% бүрэн ашиглах боломжтой болно. Бид бүгдэд хязгааргүй их хүчин чадал байгаа гэдэгт би итгэдэг.
Өөрт тулгарч буй асуудалд хэн нэгэн эсвэл ямар нэгэн юм буруутай болоод ирэхээр хүн өөрөө тэр асуудлаа шийдвэрлэхгүй түүнийг нь шийдвэрлэж өгөх өөр юм хайдаг. Мэдээж өөр юм олдохгүй. Хүн өөрөө л асуудлаа шийдвэрлэхгүй юм бол өөр хэн ч шийдвэрлэхгүй. Харин амьдралаа 100% хариуцсанаар таны асуудлыг шийдвэрлэх ганц хүн бол та гэдгийг ухаарах болно. Ухаарснаар сэтгэл онгойж, маш их эрх чөлөөтэй болсон юм шиг тийм мэдрэмж төрдөг. Надад анх ямар мэдрэмж төрсөн бэ гэвэл “Би хэнээс ч юунаас ч хамааралтай биш, би өөрөө 100% амьдралаа хүссэнээрээ бүтээх юм байна. Ямар гоё юм бэ” гэдэг маш сайхан мэдрэмж төрж байсан. Тэгэхгүй өмнө нь нэг юм хийх гэхээр л нэг юманд баригддаг байнга л гараа бусадруу чиглээстэй, бусдыг өөрчлөх гэсэн бодолтой, бусад л болохгүй байгаа юм шиг тийм ядаргаатай байсан. Харин өөрөө 100% гэдэг бодолтой болсноор бүх зүйл маш энгийн амархан болж эхэлсэн.
Надаас хүмүүс “өөрийгөө яаж өөрчлөх вэ, юунаас эхлэх вэ” гэдэг асуултыг их асуудаг. Өөрийгөө өөрчлөхийн тулд яг одоо энэ байгаа газраасаа эхлэх хэрэгтэй. Өөрчлөхийн тулд ямар нэгэн оршил ерөөсөө хэрэггүй. Яг одоо эхлэх хэрэгтэй. Яг одоо энэ цагт эхлэх хэрэгтэй. Яг одоо энэ цагт бид эрч хүчтэй байдаг. Өнгөрсөнд биш, ирээдүйд биш, яг одоо эрч хүчтэй байдаг.
Бид яг одоо энэ цагт эрч хүчтэй байдаг. Энэ цагийг өнгөрөөвөл эрч хүчээ алдана.
Амьдралаа өөрчлөхөд юунаас эхлэх вэ
Эхний алхам бол та өөрөө өөрийнхөө амьдралыг 100% хариуцна гэдгийг хүлээн зөвшөөрөөрэй.
Хүн бүр сайхан амьдралыг хүсдэг. Харамсалтай нь зарим хүмүүс хэдий хүссэн ч тэр сайхан амьдралаа бүтээж чадахгүй хэн нэгэн ямар нэгэн юмыг буруутгасаар амьдралаа үрэн таран хийдэг. Гэхдээ та хамгийн чухал алхамыг мэдэж байгаа учраас яг одооноос эхэлж өөрийгөө хөгжүүлж, амьдралаа сайжруулах аяндаа гараарай.
Та амьдралаа ямар байгаасай гэж бодож байна вэ? Өөртөө цөг гаргаж байгаад тэр хүссэн амьдралаа төсөөлж, зураглаарай. Энэ төсөөлж зураглах бол таны 2 дахь чухал алхам юм шүү. Төсөөлж зураглахад хязгаар үгүй. Хүссэнээрээ төсөөл. Таны бодлыг хэн ч уудалж харж чадахгүй юм чинь санаа зоволтгүй төсөөлөөрэй. Төсөөлж зурагласнаар таны сэтгэл сэргэж, догдлох болно. Гэхдээ нэг юм нэмж хэлэхэд мөрөөдөх биш төсөөлөх юм шүү. Төсөөлөл мөрөөдлөөс илүү бодитой байдаг. Тиймээс сайн төсөөлж, зураглаарай. Энэ бол таны хүссэн ирээдүйн амьдрал байх болно.
Амьдралаа өөрчлөхөд юунаас эхлэх вэ
Гуравдахь алхам бол төсөөлсөн амьдралаа цаасан дээр буулгаарай. Төсөөлж зурагласан болгоныгоо цаасан дээр буулгаарай. Цаасан дээр буулгаснаар таны төсөөлөл зорилго болно.
Яагаад цаасан дээр буулгах хэрэгтэй вэ? Яагаад гэвэл:
1. бодол төсөөллөө бодит болгох эхний алхам болно.
2. бичсэн зорилгоо харж, барьж чадах учраас илүү бодитой болно
3. анхаарлаа 100% хүзссэн амьдрал дээрээ төвлөрүүлнэ
4. зүрх сэтгэл, хүч хөдөлмөр, цаг зав, мөнгө төгрөгөө юунд зарцуулах гэж байгаагаа мэдэх болно
5. цаасан дээр буулгаагүйгээс болоод өдөр тутмын аар саархан зүйлд хурдан автагдаж зорилгоо мартана.
Ирээдүйн амьдралаа төсөөлж, зураглаж, бичихдээ маш тодорхой байгаарай. Жишээлбэл: байраа томсгомоор байна гэхийн оронд хүссэн хороололдоо 5 өрөө байранд орсон байгаагаар өөрийгөө төсөөлж, 5 өрөө байранд орно гэж бичээрэй. Ажлаа өөр гоё ажлаар солимоор байна гэхийн оронд яг ямар ажилд орж, хэдэн төгрөгний цалин авч, амьдрал чинь өөрчлөгдөж байгаагаар төсөөлж түүнийгээ бичээрэй.
Дөрөв дэх алхам бол цаасан дээр буулгасныгаа бодит болгохын тулд та юу хийх вэ? Хийх бүх зүйлээ бичиж тэмдэглэснээр та зорилгоо биелүүлэх төлөвлөгөөтэй болно.
Төлөвлөгөөгөө гаргахдаа жишээлбэл 5 өрөө байртай болохын тулд та ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ гэдгийг дугаарлаж бичээрэй. Цалин ихтэй ажилд орох уу, өөрийн бизнестэй болох уу, мөнгөө хэмнэж, хадгалж эхлэх үү, зээл авах уу? Хэрвээ өөрийн бизнестэй болох бол бизнестэй болохын тулд юу юу хийх вэ, хэрвээ мөнгөө хадгалж эхэлбэл сар болгон эсвэл өдөр болгон хэдэн төгрөг цааш нь далд хийх вэ? Эсвэл цалингийнхаа хэдэн хувийг хадгалах вэ гэдгийг бүгдийг нэг бүрчлэн задалж бичээрэй.
Ингээд 5 дахь алхам бол бичсэнээ өдөр болгон өөртөө уншиж сануулна. Хэр их өөртөө сануулна тэр хэмжээгээрээ бид түүнийхээ дагуу хийх ёстойгоо хийнэ. Сануулаагүйгээс болоод бид зорилгынхоо эсрэг явах нь их байдаг. Жишээлбэл: би өөртөө фитнэссийн том зорилго тавьж түүнийгээ сануулснаар өдөр болгон дасгалаа хийж чаддаг. Сануулаагүй өдөр залхуу хүрэх, эсвэл өөрийгөө хуурч хийсэн болох, эсвэл өөр үйлдэл хийж өдөр алгасдаг. тиймээс өөртөө өдөр болгон сануулж зорилгоосоо эрч хүч авч түүнийхээ зүг хурдтай явна.
6 дахь алхам үйлдэл хийх алхам байгаа. Зорилго төлөвлөгөөнийхөө дагуу ямар үйлдэл хийх боломжтой байна түүнийгээ хийж эхлэх нь зүйтэй. Хийх үйлдлүүд чинь тийм амаргүй бол санаа зовсны хэрэггүй. Маш энгийн жижигхэн үйлдэл хийсэн ч тэр хийсэн үйлдэл чинь дараагийн үйлдлийг хийхэд амархан болгодог гэдгийг санаарай. Үйлдэл хийх болгонд та зорилго руугаа нэг алхмаар ойртож байна гэсэн үг.
Эцсийн алхам бол өөртөө эрч хүч, урам зориг өгөхийн тулд өдөр болгон Амжилтын Тарни уриарай. Жишээлбэл: Би чадна! Би хүссэн амжилтаа гаргаж чадна! Би өөртөө итгэж байна! Би амьдралаа өөрчилж чадна! Би өөрийнхөө амьдралд 100% харицлагатай! гэх мэт.
За тэгэхээр та амьдралаа өөрчилж эхлэх маш энгийн, хийхэд амархан 6 алхам -ыг мэдэж авлаа.
1. Амьдралаа өөрөө 100% хариуцна гэдгээ хүлээн зөвшөөрөх
2. Хүссэн амьдралаа төсөөлөх
3. Төсөөлсөн амьдралаа цаасан дээр бичих
4. Бичсэнээ бодит болгохын тулд юу хийхээ бичих
5. Өөртөө уншиж сануулах
6. Үйлдэл хийх
7. Амжилтын Тарни урих
Энэ 7 алхамын өнөөдрөөс хэрэгжүүлснээр та хүссэн амьдралаа өөрийнхөөрөө бүтээж эхлэх болно. Өдөр болгон хүссэн амьдралаа төсөөлж, бичиж, өөртөө сануулж, үйлдэл хийснээр та зорилгоо хэрхэн биелүүлэх тал дээр маш сайн мэргэшинэ. Мэргэших болгонд та улам том зорилго тавьж, олон сайхан ур чадвартай болж, амьдрал чинь олон сайхан зүйлээр бялхах болно. Энэ бүгдийг зөвхөн та өөрөө л хийж чадна.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКӨ ТӨМӨР