Хуучин оноо тэмдэглэцгээе: Амжилтын жагсаалт
Та бүгд шинэ оныхоо зорилгыг гаргасан гэдэгт итгэлтэй байна. Шинэ оны зорилгоо гаргахын хажуугаар хуучин ондоо хийж бүүтээсэн бүхнийгээ нэг хянаж үзээрэй.
Би өнөөдөр 2012 онд хийж бүтээсэн зүйлүүд дээрээ анхаарлаа төвлөрүүлж, 2012 онд гаргасан зорилго маань хэр биелэгдсэнийг олж харлаа. Зүгээр бодоод үзэхэд ердөө ганц, хоёрхон зүйл биелэгдсэн юм шиг санагдсан боловч, цаг зав гаргаж байгаад гаргасан амжилтаа нэгд нэгэнгүй бичээд үзэхэд бодсноос илүү их зүйл биелэгдсэн байхыг олж харлаа. Бас биелэгдээгүй олон зүйл байсныг ч олж харсан. (Миний юу биелэгдэж, юу биелэгдээгүйг сонирхож байвал видео бичлэгийг үзээрэй.)
[powerpress]
(бичлэгийг YouTube дээр үзэх хүсэлтэй бол энд дарж үзнэ үү.)
Гэхдээ зорилгоо хянаж үзээд, хийж эхлээгүй, хийж дуусгаагүй зүйлүүдийг олж мэдээд, түүн дээрээ анхаарлаа төвлөрүүлснээр сэтгэл санаагаар унах, эрч хүчээ алдах, өөрийн үнэлэмжээ муутгах тохиолдол их гардаг.
Тэгэхээр өнөөдрийн миний өгөх зөвлөмж юу вэ гэвэл өнгөрч буй ондоо жижиг, том хамаагүй хийж бүтээсэн зүйлүүд дээрээ анхаарлаа төвлөрүүлэхийг санал болгож байна. Гаргасан бүх амжилтаа хүлээн зөвшөөрч, баярлаж, тэмдэглэж, мөн түүнийхээ хажуугаар хүссэн зорилгоо дахин гаргаж, түүндээ анхаарлаа хандуулж төвлөрүүлэх нь зүйтэй.
Юу их хармаар байна түүнийгээ тэмдэглэ!
Амжилтыг их хармаар байвал гаргасан амжилтаа тэмдэглэ!
Алдаа танд ихийг сургаж байгаа бол алдаагаа тэмдэглэ!
Таны үр хүүхэд, хамтран зүтгэгч юу хийгээсэй гэж бодож байна түүнийг нь байнга урамшуулж, тэмдэглэ!
Тэгэхээр өнөөдөр, энэ долоо хоногт, он дуусахаас өмнө өөрийнхөө АМЖИЛТЫНЖАГСААЛТ-ыг гаргаарай. Амжилтын жагсаалт гаргаснаар өөрийнхөө амжилтыг нэгд нэгэнгүй харж, өөрөөрөө бахархах сэтгэгдэл төрөхөөс гадна, тэмдэглэх амжилтын тоо маш их болохыг мэддэг. Үнэхээр бахархууштай.
Амжилтын жагсаалт гаргахад тус болж магадгүй гэж бодсон “өөрөөсөө асуух” асуултуудыг доор орууллаа.
– Би зөв дадал эзэмшсэн үү?
– Надад хаясан муу зуршил байна уу?
– Надад шинээр төрсөн (бүтээгдэхүүн, үйлчилгээ, бизнесийн) санаанууд байна уу?
– Би өөрийгөө хөгжүүлэх ном, сонин, сэтгүүл, технолог худалдан авч суралцсан уу?
– Өөрийгөө хөгжүүлэх лекц, семинар, хичээлд суусан уу?
– Би биеийн тамираар хичээллэж эхэлсэн үү?
– Би талархалаа илэрхийлдэг болсон уу?
– Би шинэ чадварууд эзэмшсэн үү?
– Би санхүүгийн байдлаа дээшлүүлсэн үү?
– Би цалингаа нэмүүлсэн үү?
– Би эхнэр, нөхөр, үр хүүхэд, ээж аавтайгаа харьцах харьцаагаа сайжруулсан уу?
– Би ямар нэгэн сайн үйлсэд оролцсон уу?
– Би ямар нэгэн хандив өргөсөн үү?
– Бясалгал, мөргөл, ганцаардал цагийг өөртөө гаргаж чадсан уу?
– Намайг дэмжих, намайг амжилтанд хүргэх шинэ хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж чадсан уу?
– Би хүссэн жиндээ хүрэхийн тулд тодорхой жин хасаж чадсан уу? г.м.
Сөрөг бодол, сөрөг мэдрэмжүүд нь зорилгодоо хүрэх явцыг удаашруулдаг.
Тиймээс хийж бүтээгээгүй зүйлүүд дээр анхаарлаа төвлөрүүлэхээсээ илүү өөрийн гаргасан том, жижиг амжилтууд дээр анхаарлаа төвлөрүүлснээр зорилгодоо хүрэх шинэ эрч хүчийг олж авдаг.
Мөн бусдын гаргасан амжилтыг даган тэмдэглэх хэрэгтэй. Тэгж чадвал бид өөртөө улам их амжилтыг татаж чаддаг ба бусдын үнэлэмжийг дээшлүүлж, бусдын үнэ цэнийг өсгөхөд нь тусалдаг. Маш гоё.
“Амжилт даган баясвал илүү их амжилтыг өөртөө татдаг.”- @UkaTumur via Twitter
Амжилтын Тарни
Би үргэлжилж буй амжилтаа тэмдэглэж байна!
2012 онд та юу хийж бүтээсэн бэ? Амжилтынхаа жагсаалтаас хуваалцаарай. Хуучин оноо хамтдаа тэмдэглэцгээе!
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр 2012 он
Ижил төстэй сэдвээр бичигдсэн нийтлэл
Өөрсдийн амжилтаа тэмдэглэцгээе!
Баярлалаа, жагсаалтаа гаргасан их юм амжуулсан байна бас их юм хийгээгүй орхиосон байна. Дараа жилийн төлөвлөгөө маш сайн гаргана. Шинэ ондоо илүү их амжилтанд хүрээрэй
@Almabyek 2013 онд илүү их амжилт хүсье!