Larry King амжилтын тухай
Larry King амжилтын тухай
Хэд хоногийн өмнө би Larry King – ийн ярилцлагыг үзсэн юм. Larry King ярилцлагынхаа төгсгөлд би их олон хүмүүстэй ярилцлага хийсэн. Энэ бүгдээс харахад амжилтанд хүрэхэд ердөө 4 зүйл л хэрэгтэй байдаг юм байна. Үүнд:
- Чин хүсэл тэмүүлэлтэй байх
- Яагаад хийж байгаагаа хийж байна вэ гэдгийг маш сайн тайлбарлах чадвартай байх
- Тодорхой хэмжээний уур хилэн, хор шартай байх
- Тодорхой хэмжээний алиа, хошин зан чанартай байх хэрэгтэй. Хэрвээ энэ 4 зан чанар танд байгаа бол бусад бүх юм танд амархан санагдана. Юу ч хийсэн та түүндээ амжилт гаргаж чадна гэж хэлсэн юм.
Би энэ тухай нэлээн сайн бодсон. Тэгээд надад энэ шинж тэмдгүүдийн аль нь байна вэ? гэж өөрөөсөө асууж үзлээ л дээ. Тэгээд энэ тухайгаа өнөөдөр тантай хуваалцья гэж бодлоо.
1.Надад чин хүсэл тэмүүлэл байна уу? Хийж байгаа юмандаа би үнэхээр дуртай байна уу? гэж бодсон чинь байна аа. Яагаад гэвэл хэн ч намайг хий гээгүй байхад би өөрийнхөө хүслээр хийж байгаагаа хийж эхэлсэн, одоо ч хийж байгаа, цаашид ч хийх болно. Хэн ч намайг цалинжуулаагүй байхад би өөрийнхөө хүслээр үнэгүй хийж байгаа. Хичнээн завгүй, хичнээн ядарсан байсан ч яаж ийж байгаад цаг зав гаргаж хийдэг гэж бодохоор энэ миний чин хүсэл тэмүүлэл мөнөөс мөн.
2. Би яагаад хийж байгаагаа хийж байна вэ? Энэ асуултыг хүмүүс надаас бас их асуудаг. Би яагаад хийж байгаагаа хийж байна вэ гэвэл би хүмүүсийн амьдралд бага ч гэсэн тус хүргэж хувь нэмрээ оруулах юмсан гэж боддог байсан. Хүн бүр өөртөө итгэж, хүсэл мөрөөдөлдөө итгэж түүнийгээ бодит болгоосой гэж боддог байсан. Гэхдээ үүний тулд яг яах ёстой, юу хийх ёстой, юунаас эхлэх вэ, юун дээр анхаарах вэ гэдгийг хүн бүр мэддэггүй. Би ч өөрөө мэддэггүй байсан. Харин өөрийгөө хөгжүүлэх явцад сурч мэдсэн юмнууд миний амьдралд их чухал болохыг мэдээд, яг надтай адилхан мэдэхийг хүсч байгаа тэр хүмүүст хүргэх зорилготойгоор ажиллаж эхэлсэн юм.
Хүн бүр эхээс төрөхдөө л аз жаргалтай баяр баясгалантай, эрүүл саруул хүн байхаар төрсөн гэдэгт би итгэдэг. Хүн бүрт өөрийн гэсэн мөрөөдөл бий. Хүн бүр сайн сайхан амьдралыг хүсдэг. Хэрвээ хүсвэл хүн бүр энэ мөрөөдөлдөө, энэ амьдралдаа хүрэхийн тулд саад бэрхшээлээ даван туулж, амьдралаа хүссэнээрээ өөрчилж, гэр орон, нийгэм, улс орондоо хэрэгтэй хүн болж чадна гэдэгт би итгэдэг.
“Гайхамшгийг өөрөөсөө хайн олох нь миний зорилго харин түүнийгээ бусадтай хуваалцах нь миний амьдралын утга учир.”
3.Надад уур хийлэн, хор шар байна уу? Би урьд нь ингэж боддог байсан. Ямар хүмүүс амжилтанд хүрдэг вэ гэвэл мөнгөтэй, мундаг нэртэй сургууль төгссөн, арын хаалгатай, гоц авьястай, хөөрхөн, гоё биетэй, сэргэлэн… хүмүүс амжилтанд хүрдэг юм байна. Над шиг аль аль нь байхгүй хүн бол яав ч хичээгээд хол явахгүй юм байна гэж боддог байсан. Энэ бодлоосоо болоод уур хүрч хор шар их хөдөлдөг байсан гэж болно. Харин энэ уураа энэ хор шараа хийж байгаа юмруугаа чиглүүлснээр өөрөөр хэлбэл есөн шид нь бүрдсэн хүмүүс амжилт руугаа өдөрт нэг алхаж байхад, над шиг юу ч үгүй хүн өдөрт 1 биш 2 алхах хэрэгтэй юм байна гэдгийг ухаарсан. Бүүр их уур хөдлөөд, шар гозолзоод байвал бүр 3, 4 ч алхах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Хэрвээ энэ уураа зөв ашиглах юм бол амжилтанд хүргэнэ.
4. Надад алиа хошин зан байна уу? Надад ийм чанар байгаа эсэхийг би сайн мэдэхгүй байна. Би өөрийгөө алиа хошин хүн гэж хэлэхгүй. Гэхдээ ганц хоёр хүнээс чи их алиа шүү гэж хэлэхийг сонсож байсан. Яадаг ч л байсан алиа хошин чанарыг цааш нь сайн хөгжүүлэх хэрэгтэй юм байна гэдгийг бас ойлгосон.
Тэгэхээр өнөөдрийн миний танаас асуух асуулт. Танд энэ 4 шинж тэмдгийн аль нь байна вэ? Та хийж байгаа юмандаа дуртай байна уу? Та хийж байгаагаа яагаад хийж байна вэ гэдгээ сайн тайлбарлаж чадах уу? Танд уур, хор шар байна уу? Танд алиа хошин зан байна уу? Энэ тухайгаа яг энэ бичлэгийн доор коммент бичиж заавал үлдээгээрэй.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©УКА ТӨМӨР