Яагаад блог хөтлөх хэрэгтэй вэ?
Яагаад блог хөтлөх хэрэгтэй вэ?
Өнөөдрийн бичлэгээс:
- Яагаад блог хөтлөх хэрэгтэй вэ?
- Блогийг ямар хүн хөтлөх ёстой вэ?
- Би яагаад блог хөтлөх болсон бэ?
- Блог хөтөлж эхлэхэд надад ямар айдас байсан, түүнийгээ хэрхэн устгасан тухай олж мэдэх боломжтой.
Бидний энэ амьдарч байгаа үе бол маш сайхан эрин үе. Яагаад гэвэл бид интернэтээр дэлхийн аль ч өнцөгтэй холбогдох боломжтой болсон үе. Дэлхийн аль ч өнцөгт дуу хоолойгоо хүргэх боломжтой сайхан цаг үе. Өмнө нь бидэнд хэзээ ч ийм боломж байгаагүй. Хэн дуртай нь өөрийнхөө мэддэг чаддаг зүйлээ бусадтай хуваалцах боломж байгаагүй. Дуртай үедээ бодол санаагаа илэрхийлэх боломж байгаагүй. Харин одооны энэ цаг үе бол өөр.
Хүн бүрт өөрийн бодол санаа байдаг. Хүн бүрт мэддэг чаддаг зүйл, өөрийн туршлага байдаг. Хүн бүр бодол санаагаа, мэддэг чаддаг зүйлээ бусадтай хуваалцаасай гэж би боддог. Энэ утгаараа хүн бүр блог хөтлөөсэй гэж боддог. Хэрвээ та ямар нэгэн юм мэддэг, эсвэл мэдэж авсан тэгээд хүн бүр түүнийг чинь мэдээсэй гэж бодож байгаа бол блог хөтлөх нь зүйтэй гэж бодож байна. Хэрвээ та улс нийгэмдээ хувь нэмрээ оруулах хүсэлтэй байгаа бол өнөөдрөөс эхэлж блог хөтлөх нь зүйтэй. Хэрвээ та өөрийнхөө дуу хоолойг бусдад хүргэж өөрчлөлтийн эх үүсвэр нь болох хүсэлтэй бол өнөөдрөөс эхэлж блог хөтлөх нь зүйтэй.
Яагаад блог хөтлөх хэрэгтэй вэ?
Блог хөтлөх нь ярихаас юугаараа өөр вэ гэвэл блог хөтөлснөөр, тогтмол хөтөлснөөр мөрөө үлдээж эхэлдэг. Энэ мөрийг олсон хүн магадгүй танд итгэж, таныг дэмжиж, таны үгийг цааш нь дамжуулж хэрэгтэй хүнд нь хүргэх боломжтой. Ингэж хэрэгтэй хүнд хүргэснээр тэр хүнд тусалж, тэр хүний амьдралд нөлөөлөх боломжтой. Хувь хүн эерэгээр өөрчлөгдвөл гэр бүлд нь ч хэрэгтэй бас улс нийгэмд ч хэрэгтэй.
Миний хувьд яасан бэ гэвэл надад бусадтай хуваалцах хүсэлтэй зүйл байсан уу байсан. Бүх хүн мэдээсэй гэж боддог зүйл байсан уу байсан. Тийм ч учраас би блог хөтөлж эхэлсэн. Блогоо байнга хөтөлсөн учраас интернэт дээр мөрөө үлдээж эхэлсэн. Миний энэ мөрийг олсон хүмүүс олон янзаар ярьж байсан. Гэхдээ миний зорилго өөрийгөө мэдүүлэх биш, номоо зарах биш, олон лайктай эсвэл олон уншигчтай болох биш харин миний зорилго юу байсан бэ гэвэл миний мөрийг олсон хүн надад итгэж миний бичсэнийг амьдралдаа хэрэгжүүлж хүссэн юмандаа хүрээсэй гэдэгт байсан. Эсвэл надад итгэж миний бичсэнийг цааш нь хэрэгтэй хүнд нь дамжуулаасай гэдэгт байсан. Өөрөөр хэлбэл олон хүний итгэлийг олж авахад байсан юм. Мэдээж хүн бүрт хүрээгүй ч олон хүнд хүрч байгаа гэдэгт би итгэлтэй байгаа.
Дуу хоолойгоо бусдад хүргэх арга бол блог хөтлөх юм.
Тийм болохоор өнөөдрийн миний сануулах хүсэлтэй зүйл бол хэрвээ та надтай санал нэг байгаа бол блог хөтөлж эхлээрэй гэж хэлэх хүсэлтэй байна. Анх блог хөтлөхөд надад учирч байсан саад бол бусдаас ичих байсан. Надад бичих туршлага огт байгаагүй болохоор таньдаг мэддэг хүмүүс олж уншаад шоолбол яана аа гэдэг айдас байсан. “Бусад миний тухай юу гэж бодох бол” гэдэг айдас байсан юм. Тийм ч учраас би нэрээ нууцалж, Ука Төмөр биш “11 жил” гэдэг нэрэн дээр бичиж байсан. Тэгэхээр та ч гэсэн над шиг ондоо нэрэн дээр блогоо нээж болно. Жишээлбэл “Миний дуу хоолой” ч гэдэг юм уу юу ч байж болно. Блогны цаана Цэцгээ суугаад юм бичээд байна уу, Урнаа бичээд байна уу гэдгийг хэн ч мэдэх боломжгүй.
Гэхдээ яадаг гээч тогтмол бичээд ирэхээр хүн өөрийнхөө хийж буй ажлаа үнэлж, өөрөөрөө бахархах сэтгэгдэл төрж, өөрийгөө нуугаад байх шаардлагагүй болдог. Бичсэн зүйл нь хүнд хүрсэн хүрээгүй хамаагүй өөрийгөө үнэлж эхэлдэг. Тийм ч учраас би өөрийнхөө нэрийг нууцлахгүй, ил гарч ирсэн. Хүсвэл та миний энэ аргыг хэрэглэж болно.
Та блог хөтөлж эхэлбэл ямар сэдвээр блог нээмээр байна вэ? Таны өдөр болгон ярьдаг сэдэв юу вэ? Хэрвээ өнөөдөр блог нээе гэвэл танд ямар саад учирч байна вэ? Энэ тухай доор сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй.
Хэрвээ танд энэ бичлэг таалагдсан бол цааш нь хэрэг болох хүнд нь дамжуулаарай.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР